Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр боллоо.
Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Баярлалаа, маш их баяртай байна. Миний ард маш олон хүн бий. Бүх хүмүүсийн зүтгэл шингэсэн амжилтыг минь үнэлсэн хамгийн том шагнал. Энэ бол тамирчин хүнд хамгийн сайхан зүйл, дэмжлэг. Ар гэртээ санаа зовохгүй боллоо. Миний ар гэр, нийгмийн асуудлыг шийдэж өгч байгаа “Эрхэт Монгол групп”-ын хамт олонд баярлалаа. Ганц байр орон сууцны дэмжлэгээс гадна цаашид хамтран ажиллахаар боллоо. Хичээж, амжилтаар хариулах болно. Хүндийн спортыг дэмждэг, хүндэлдэг, ард түмэндээ талархаж байна. Илүү их хичээх болно.”хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Эрхэт Монгол” медиа группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр: Олимпын хаалтын өдөр энэ талаар ярилцаад, нөөц бололцоогоо судлахаар болсон. Би энэ санаачлагаа ТУЗ-ийн залуучууддаа хэлэхэд, тэд маань дэмжсэн. Өнөөдөр 24-хөн настай залуу тамирчны хувьд энэ хүртэл үзүүлж ирсэн амжилт нь чамлахааргүй юм. Хамгийн гол нь ирээдүйд М.Анхцэцэг маань тив, дэлхийн тэмцээнд олон удаа оролцож, дараагийн олимпын аварга болоосой гэсэн урам өгөхийг бид хүсэж байгаа юм. Цаашид тэмцээний зардлыг дааж ажиллахаас гадна сар бүр 1 сая төгрөгийн цалин олгоно. Спортын амжилт гэдэг бол бэлтгэл сургуулилтаас гадна санхүүгийн асуудал байдаг. Мөн манай хамт олон М.Анхцэцэгийн багш, Хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярыг 5 сая төгрөгөөр урамшуулж, Монголын хүндийг өргөлтийн холбоонд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.