Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 10. Ангараг гараг. Эрхтний тэнгэр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ хэмээжээ.