“Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн, жүдоч Сайед Моллайгийн ярилцлагатай холбоотойгоор Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ноос ТАЙЛБАР хийлээ.
Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Олимпын мөнгөн медальт Сайед Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр засаг болоод МҮОХ-нд гомдолтой байгаагаа өгүүлжээ. Энэхүү асуудалд гарсан үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе.
Сайед Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл илэрхийлж, тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн урамшуулал олгосон билээ. Харин албан ёсоор хүлээж авах тухайд олимпоос ирсэн тамирчид 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах зөвлөмжийг УОК-оос өгсөн. Энэ хугацаа дуусахаар олимпод оролцсон тамирчдаа албан ёсоор хүлээн авч, олимпод оролцсоны батламж болох энгэрийн тэмдэгийг гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөж байна.
Наймдугаар сарын 23-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болно. Энэ хурлаар олимпын наадамд оролцсон тамирчдыг хэзээ хүлээн авч, ОУОХ-ноос ирүүлсэн батламж, үнэмлэх тэмдгийг гардуулж өгөх тов гарах болно.
Улсаас олгох мөнгөн урамшууллын хувьд Засгийн газрын тогтоол гарсан. Олимпын медальтанд сар бүр олгох мөнгөн дэмжлэг 2022 оны нэгдүгээр сараас олгогдож эхлэх учиртай. Энэ бүхнийг түүнд сайн тайлбарлан хэлээгүйн улмаас үл ойлголцол гарсанд МҮОХ харамсаж байна.
Сайед Моллай болоод бусад бүх тамирчдадаа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж, дахин ийм үл ойлголцол гаргахгүйн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО