Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлж буй. Энэ талаар тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Хоролмаатай ярилцлаа.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт хэр байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилээр сунгасан. Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
-Тэгэхээр хуульд хамрагдах хугацаа бага үлдсэн байна. Хуулийн үйлчлэлд ямар иргэд, хаана хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 15-60 насны Монгол улсын иргэний шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлтээ харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д гаргана.
-Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан зарим баримт бичиг нь олдохгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд яах вэ?
-Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого”-ын бүртгэл буюу бидний хэлж заншсанаар малын “А” данс юм. Гэтэл малчдын малын “А” данс аймаг, сумын архивт байхгүй тохиолдол олон гарч байна. Энэхүү шалтгааны улмаас 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох “орон тооны бус зөвлөл”-ийг сум бүрд байгуулсан. Энэ зөвлөл нь малын “А” данс нь олдохгүй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгүүд тухайлбал, малчны үнэмлэх, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар төлсөн зэрэгт тулгуурлан 1995 оноос хойших хугацаанд тухайн иргэний мал маллаж байсныг тогтоох юм. Иймд малын “А” дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа энэхүү зөвлөлд хандахыг зөвлөж байна.
-Хувиараа хөдөлмөр эрхэлж байсныг хэрхэн тогтоох вэ?
-Хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран бизнес эрхэлдэг, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгч иргэнийг хэлнэ. Хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг тодорхойлоход тухайн иргэний өмнөөс холбогдох лавлагааг авах зорилгоор бид ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БШУЯ, ХХҮГ-тай хамтран ажиллаж байна. Тухайлбал, иргэд албан татвар төлсөн мэдээллээ заавал татвар дээр очиж лавлах шаардлагагүй, шууд нийгмийн даатгалын хэлтэстээ хандаад хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 13 төрлийн татвар төлсөн мэдээллийг Татварын ерөнхий газраас программ байдлаар, цахим хэлбэрээр авч, шимтгэлээ нөхөн төлөх боломжтой.
-Төлөх шимтгэлийн хувь хэмжээ?
-Иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000)-ийн 10 хувь буюу сард 42 000 (дөчин хоёр мянган) төгрөг байна.
Бүрдүүлэх баримт бичиг
· Иргэний үнэмлэх;
· Оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
· Малчин бол “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого”-ын бүртгэл буюу “А” дансны лавлагаа;
· Хувиараа хөдөлмөр эрхлэгч бол ХХОАТ төлөгчөөр бүртгүүлсэн баримт болон уг татварыг төлж байсан тухай татварын төв байгууллагаас тодорхойлсон баримт;
· Иргэн, аж ахуй нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь;
-Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр иргэдэд ямар ашигтай байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
–2018 оны 01 дүгээр сарын 01-нээс малчин даатгуулагч 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон. Нийгмийн даатгалаа нийт 20-с доошгүй жил төлж 15-аас доошгүй жил малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, Нийгмийн даатгалаа нийт 20-с доошгүй жил төлж 12 жил, 6 сар-аас доошгүй хугацаанд малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой. Иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөр өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжтой.
-Одоогийн байдлаар хэчнээн иргэн тэтгэврийн даатгалаа нөхөн төлсөн байна?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хүрээнд 2021 оны хагас жилийн байдлаар 18.462 иргэн буюу даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлснөөс, 11.355 иргэн нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон тэтгэвэрт гарсан байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ. Иймд Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд энэ хугацаанд амжиж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн байгууллагаас зөвлөгөө авч, нөхөж болох хугацаагаа тооцуулах, ажилласан жилээ баталгаажуулах боломжтой гэдгийг хэлмээр байна.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин