2021-2022 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөөг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар танилцууллаа.
Тэрбээр “КОВИД-19 халдварын үед хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад боловсролын байгууллага төдийгүй эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага үүрэг оролцоо маш чухал байна. Хичээл эхлэх үед эцэг эхчүүд хүүхдүүддээ хүрэлцээтэй хэмжээгээр амны хаалт, гар ариутгагчийг бэлтгэж өгөх хэрэгтэй.
Мөн хүүхдийн дархлааг дэмжих нь чухал. Үүний тулд та бүхэн өглөө бүр хүүхдэдээ өглөөний цайг нь чанартай сайн бэлдэж өгөхийн зэрэгцээ орой эрт унтуулж, өглөө оройдоо ам, хоолойг нь зайлуулж, тухай бүрд гарыг нь ариутгах чиглэлээр эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрлэж байгаарай.
Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй гэртээ байлгаж, хүүхдээ сайн ажиглахыг зөвлөж байна.
Та хэдий чинээ хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, дархлааг нь дэмжиж, сургууль, цэцэрлэгийн багш нартай холбоотой байж чадна, тэр хэрээр танхимын хичээлийг тасралтгүй явуулах, хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Бага насны хүүхдүүдийг халдвараас сэргийлэх гол арга бол эцэг эх, насанд хүрэгчдийн зөв үлгэр дуурайлал, байнгын хариуцлага оролцоо чухал гэдгийг та бүхэнд уриалж байна” гэлээ.