Япон улсын нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс ес дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Токио-2020” зуны Паралимпийн XVI наадмыг зoхион байгуулах гэж байна.
Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпийн хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпийн XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын төрлөөр анх удаагаа оролцож байгаа аж.
Паралимпийн XVI наадамд оролцох Монгол Улсын багийн эрэгтэй тугчаар жүдо бөхийн тамирчин Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Аажимын Мөнхбат, эмэгтэй тугчаар байт харвааны тамирчин ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нар сонгогдсон байна.
Монголын үндэсний паралимпийн хорооны тамирчдаас “Сидней-2000”, “Афин-2004” зуны Паралимпийн наадмуудад гавьяат тамирчин Жамбалын Лхагважав, “Бээжин-2008” зуны Паралимпийн наадамд гавьяат дасгалжуулагч Чоёндоржийн Базарсүрэн, “Лондон-2012” зуны Паралимпийн наадамд гавьяат дасгалжуулагч Лхагвын Ундралбат, “Рио-2016” зуны Паралимпийн наадамд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын алтан медальт Дамбадондогийн Баатаржав нар Төрийн далбаагаа барин багийнхаа тугчаар жагссан түүхтэй.
Д.Өлзийсайхан (Токио хот, Монцамэ агeнтлаг)