Ховд аймагт “Соёлын өв”-ийг бүртгэн баримтжуулах ажлын хэсэг байгуулагдав

Соёлын өвийг хамгаалах талаар Монгол Улсад нэгдэн орсон олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, улс, аймаг, нийслэлийн хамгаалалтанд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалт, соёлын биет бус өвийн үндэсний жагсаалт, соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагчдын жагсаалтад бүртгэгдэх шаардлагатай соёлын өв, өвлөн уламжлагчийн талаар холбогдох судалгааг гарган олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах талаар Соёл спорт аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандоржоор ахлуулсан эл ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болж аймгийн нутаг дэвсгэр дэхь түүх соёлын дурсгалуудын талаар мэдээлэл сонсож санал солилцлоо.

2008 оны 5 сарын 14-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор манай аймгаас улсын хамгаалалтанд 9 дурсгалт газрыг тогтоосон байна. Үүнд: Манхан сумын нутаг Тахилтын хотгор, Гурван сэнхэрийн агуй, Ишгэн толгойн хадны зураг, Мөнххайрхан сум Улаан толгойн бичээс, Үенч сум Ямаан ус, Ховд сум Сөртийн Түрэг үеийн хөшөө дурсгалууд, Цэцэг сум Халиуны хөтөл орших хүн чулуу, Эрдэнэбүрэн сум Цамбагаравын хадны зурагнууд оржээ.

Мөн өдрийн тогтоолоор аймгийн хамгаалалтанд Булган сум Ягшийн хөдөөгийн эртний булшууд, Сангийн хэрэм, Мөнххайрхан сум Улаан говийн хүн чулуу, Шуурхайн хөх нуурын хүн чулуу, Доод улханы хүн чулуу, дээд улаан говийн хүн чулуу, Үенч сум Харуул овоо, Ховд сум Чандмань хар үзүүр зэрэг түүх соёлын дурсгалыг хадгалсан дурсгалуудыг оруулсан байна.

Гэвч хууль эрхзүйн заалт тодорхой бус, хадгалалт хамгаалалт суларснаас үүдэн түүх соёлын үнэт нандин дурсгалууд балрах, үрэгдэх тохиолдол гарч байгааг мэргэжилтнүүд онцолж байсан юм.

Өв тээгчдийн хувьд 2013 оны шинэчилсэн бүртгэлээр 238 өв тээгч байгаа судалгааг ССАЖГ-аас гаргасан байна.

Цаашдаа улсын болон аймгийн хамгаалалтад нэмж оруулах шаардлагатай дурсгалын судалгаа мэдээлэл цуглуулах, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох талаар санал хүргүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллахаар боллоо.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …