Загвар өмсөгч Наоми Кемпбелл өнгөрсөн тавдугаар сард 44 нас хүрснээс гадна загварын ертөнцөд хөл тавьсны 30 жилийн ойтойгоо золгосон байна. Энэ хугацаанд тэрбээр олон амжилтад хүрснээс гадна хувийн амьдралынх нь эргэн тойронд нь олон арван шуугиан дэгдэж байсан юм. Загварынхан дундаа “хар ирвэс” хэмээн нэрлэгддэг Наоми Кэмпбелийн 30 жилийн ойгоо тэмдэглэж байхад нь “Vogue” сэтгүүл ярилцлага авчээ.
-Загварын ертөнцөд хөл тавьсны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Та энэ олон жилийг ардаа орхиж, олон амжилтад хүрсэн. Нэр хүндийн оргилд хүрэхийн төлөө та хэр хөлсөө урсгав?
-Амжилтад хүрэхэд яг ийм зүйл нөлөөлсөн гэж тодорхой юм хэлж чадахгүй ч би ажиллах дуртай. Чи өөрөө юу хийх дуртай байна түүнийгээ л хийх хэрэгтэй. Энэ нь тухайн хүн амжилтад хүрэхэд тусалдаг гэж би боддог. Би загварын ертөнцөд хөл тавихад олон сайхан бүсгүйтэй хамт ажилласан. Тэднээс Линда Эванжелиста, Кристи Турлингтон, Синди Кроуфорд, Татяна Патитз, Стефан Сеймор, Клауди Шиффер зэрэг загвар өмсөгчийг нэрлэж болно.
-Таныг 1980 оны сүүлчээр загварын ертөнцөд ирэхэд супер модель гэсэн ойлголт гарч ирж байсан. Энэ үеэс өмнөх шилдэг загвар өмсөгчид арай өөр байсан гэж би боддоггүй. Энэ талаар таны бодол?
-Бид супер модель гэсэн үгийг нэг их ойшоодоггүйг та мэдэх байх. Супер модель гэсэн ойлголт хэвлэлийнхнээс гарсан. Миний үеийн загвар өмсөгчид хамтдаа ажиллах дуртайгаас гадна бие биенээ үргэлж дэмждэг. Олон орноор явж, шоу арга хэмжээнд оролцдог. Зарим тохиолдолд шөнөжин зураг авалт хийж, маш их ядардаг. Гэхдээ гайхалтай хатагтай нартай хамтран ажиллахад надад сайхан байдаг. Ачаалалтай ажилладаг ч ажлаа хийхэд хөгжилтэй байдаг учир би хэзээ ч ганцаарддаггүй. Маш их хугацаа өнгөрсөн ч загварын тайзнаа хамт ажиллаж байсан бүсгүйчүүд маань одоо ч гэсэн гайхалтай харагддаг.
-Загварын ертөнцөд тантай хамт олон загвар өмсөгч нэр хүндийн оргилд хүрсэн. Жишээ нь, таны нэг үеийн загвар өмсөгч Карла Бруни Францын тэргүүн хатагтай болж байсан. Та саяхан Карла болон түүний нөхөр Николя Саркозитой оройн зоог барьсан гэсэн энэ талаараа бидэнд ярьж өгнө үү?
-Би хувийн арга хэмжээнийхээ талаар ярих сонирхолгүй байна. Хүмүүсийн хувийн амьдрал учраас ийм зүйл ярих дургүй. Гэхдээ би Карла Брунид хайртай. Тэрбээр маш гайхалтай эмэгтэй. Карла Бруни миний хувьд гайхалтай, итгэлтэй найзуудын нэг. Бид хамтдаа маш олон газраар аялан загварын тайзнаа гарч байсан. Заримдаа хоорондоо өрсөлдөж явлаа. Тэр сайхан харагдаж байвал тэрнээс илүү гарахыг хүсэх бол энүүхэнд л байлаа.
-За за хоёулаа эхлээд ярьж байсан сэдэв рүүгээ орцгооё. Та ингэхэд хаана төрсөн бэ?
-Өө бурхан минь, дахиад л эхлэх юм уу. Би Лондон хотын Стритхэм дүүрэгт төрж, дөрвөн нас хүртлээ Ром хотод амьдарсан. Дараа нь Лондонд эргэн ирж, сургуульд орсон. 13 нас хүрээд АНУ-д цагаачлалаар ирж “Action” загварын студитэй гэрээ байгуулж байлаа. Би Лондон, Парис хотод загвар өмсдөг байсан. АНУ-ын “Vogue” сэтгүүлд зургаа авахуулахаар анх Нью-Йоркт ирж байлаа. 13 настай тэнд очиход миний мэдэх нэг ч хүн байгаагүй. Гэхдээ би ийм залуудаа үүнийг хийж чадсан гэдгээрээ бахархдаг шүү. Тэгээд ч 13 настайдаа би яг л 20-той юм шиг харагддаг байсан учир хэн ч намайг үгүйсгэж чаддаггүй байсан.
-Таныг загвар өмсөгч болохыг хэн зөвлөсөн бэ?
-Товчхондоо бол намайг хатагтай Бет Болдт олсон гэж хэлж болно. Тэрбээр мөн загвар өмсөгч байсан. Хатагтай Бет охидын зураг авч, тэднийг загварын ертөнцөд хөтлөн оруулдаг нэгэн байсан. Нэг өдөр миний сургуулийн дүрэмт хувцастай зургийг авсан юм. Үүнээс л миний загварын ертөнцийн амьдрал эхэлсэн гэж хэлж болно. Дараа нь Nice сэтгүүлийн долдугаар нүүрэн дээр миний дүрэмт хувцастай зураг байсан, би хараад л юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байсан учир Бет Болдтын ардаас “намайг алдартай болгоод өг” гэж сөгдсөн дөө.
-Та 1980 оны дундуур загварын ертөнцөд орж ирэхэд Наоми Симс, Беверли Жонсон зэрэг өнгөт арьст загвар өмсөгчид төрөн гарч ирсэн. Энэ үед өнгөт арьстай загвар өмсөгчид хэр саад бэрхшээл учирч байсан бэ?
-Тийм саад бэрхшээл гэх юу байхав. Гэхдээ амьдралд үргэлж бэрхшээл тулгардаг. Гэсэн ч би үүнийг хэзээ ч бэрхшээл гэж боддоггүй. Бид хүссэн амжилтдаа хүрсэн. Францын “Vogue” сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулсан өнгөт арьстай хамгийн анхны загвар өмсөгч гэж би өөрийгөө боддог. Тэд надад зургаа авахуулах хүсэлт тавихад би маш их балмагдаж байсан. Гэхдээ үнэн худлыг мэдэхгүй ч тус сэтгүүлийн ерөнхий редактор миний зургийг сэтгүүлдээ гаргаад ажлаасаа халагдсан тухай нэг жилийн дараа сонсч байсан. Үнэхээр харамсалтай. 1980 он бол 30 гаруй жилийн л өмнө шүү дээ. Цаг хугацаандаа л байгаа юм. Тэр үед хар арьстай хүн боол, хамгийн муу бүхнийг хийх ёстой гэж боддог байлаа. Намайг тайзны ард ороход цагаан арьстай охидын үлдээсэн хувцсыг өмс гэдэг байсан. Энэ бүх зүйлээс болж, өөрийгөө хамгаалах гэсээр байгаад ааш минь их эвдэрсэн. “Би тэр үед олзоо булаалцаж буй ирвэс шиг л аашилдаг байлаа”.
–Таны талаар интернэтэд маш олон мэдээлэл байдаг. Жишээ нь, та Либерийн Ерөнхийлөгч Чарльз Тэйлорын дайны гэмт хэргийн талаар Гаага хотод гэрчийн мэдүүлэг өгсөн гэсэн. Энэ талаар одоо хүртэл яригддаг шүү дээ?
-Ухаантай хүмүүс энэ хэргийг сайн ойлгоно гэж бодож байгаа. Харин зарим нэг нь үүнийг тун их сонирхож байгаа. Учир нь би гэрчийн мэдүүлэг өгсөн гэдэг нь тэдний анхаарлыг татсан гол зүйл байсан. Тэнд би юу мэдэж байгаагаа л ярьсан. Тэд надаас 13 жилийн өмнөх үйл явдлыг асуусан. Яг үнэндээ бол энэ хэрэгтэй холбоотой мэдүүлэг өгөх нь надад эвгүй санагдаж байсан. Тэнд байхад сэтгэлийн дарамттай байсан уу гэж олон хүн асууж байсан. Хэн ч тийм газар байхад мэдээж хэрэг хэцүү л байна биз дээ. Хүмүүс яг юу болсон гэдгийг нь харахгүй зүгээр л хэвлэлийнхний нөлөөнд автаж байсан. Энэ шүүх хурал минийх байгаагүй ч бүх хүн надад л анхаарлаа хандуулж байсан.
-Гэхдээ та загварын ертөнцөд үүрэг хариуцлага үүрдэг нэгэн бөгөөд та тэднийг төлөөлөл гэж хүмүүс хардаг болов уу?
-Би маш олон алдаа гаргадаг. Гэхдээ би алдаанаасаа суралцдаг. Загвар өмсөгчийн гол төлөөлөл зэргээр намайг ярих нь сэтгэлийн дарамттай санагддаг. Би буруу бүхнээ хүлээн зөвшөөрдөг. Би өөрийгөө зөв чиглэлээр явуулахыг л хүсдэг.
-Өөрийгөө үгээр илэрхийлээч?
-Би бол төгс нэгэн. /Инээв/. Хэн ч үүнтэй маргахгүй.
– Нельсон Манделаг өвөө шигээ үздэг байх аа?
-Тиймээ, би түүнийг өвөө гэж дууддаг юм. Харин намайг өөрийнхөө ач охин шигээ л үздэг. Хэвлэлийнхэн гэр бүлийн дотно харьцааг минь нэг хэсэг буруугаар ойлгож бичиж, агуу удирдагчийн нууц амраг гэх мэтээр бичдэг байсан. Үнэхээр дүүрсэн тэнэгүүд. Би Нельсон Манделаг 1992 оноос л мэдэх болсон. Хамгийн сүүлд түүнтэй хэдхэн долоо хоногийн өмнө уулзаж, биеийн байдалтай танилцсан. Түүний бие маш их муу байх шиг санагдаж, бараг намайг танихгүй байсан.
-Та аавыгаа мэдэхгүй өссөн гэдэг. Алдартай хүмүүс таны эцгийг орлох нь хэр санагддаг вэ?
-Би эцгээ мэдэхгүй өссөн гэдэгтээ хэзээ ч харамсдаггүй. Учир нь миний амьдралд олон гайхалтай хүн байдаг. Надад гайхалтай ээж байгаа. Би хүмүүстэй шударга байхыг л хичээдэг, үргэлж ийм ч байх болно. Миний хувьд зүгээр хэвлэлээр бялдуучлах гэсэндээ алдартай хүнтэй холбогддоггүй. Би өөрийнхөө эрч хүч болон миний хүндэлж, биширдэг хүмүүсээр хүрээлүүлсэн нэгэн. Алтан дундаас гялтагнах алмааз шиг.
-Буяны ажлаар Африк руу их явдаг. Хэзээнээс энэ бүс нутгийг сонирхон ажлаа эхэлж байсан бэ?
-1992 оны сүүлээр Танзанид аялахдаа Африкийн орнуудтай холбоотой болсон гэж хэлж болох юм. Би тэнд ажлаар очдог байсан. Үүний дараагаас тус бүс нутагт бага ч гэсэн туслах үүднээс хандив өргөн буяны арга хэмжээнд оролцох болсон. Би тусламжийн ажлаа зогсоохгүй. 30 жил загвар өмсөгч хийхдээ буяны байгууллага зэргээс санал болгосон олон ажилд оролцож явлаа. Буяны ажилд оролцсоноор та дэлхийг өөрчилж чадахгүй ч бусдад сэрэмжлүүлэг өгч чадна.
-Та аяллаар явж байхдаа Уго Чавес зэрэг Өмнөд Америкийн орнуудын төрийн тэргүүн нартай уулзах боломж олдож байсан гэсэн?
-Тиймээ, Британийн “Жи Куи” сэтгүүлийн захиалгаар би тэдэнтэй ярилцлага хийж, гараас атгаж байсан. Яг үнэндээ бол би Уго Чавестай илүү олон удаа уулзаж түүний үзэл бодлыг мэдэрч байлаа. Тэр бол агуу удирдагч байсан. Түүнчлэн Бразилийн Ерөнхийлөгч асан Луиз Инасио Лула да Сильватай уулзан түүнтэй хүүхдүүдэд туслах санаачилгынх нь талаар ярьж байлаа. Миний мэргэжил бол гайхалтай урлаг. Би сэтгүүлчдээс илүү тэдний үзэл бодлыг амьд сэрүүнд нь хажуунаас нь мэдэрсэн нэгэн.
эх сурвалж: mglradio.com