“Найман шарга” зах дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд /XI.16-17/ нэг ам.долларыг 1756 төгрөгөөр зарж байна. Арилжааны банкуудын албан ханш 1752 төгрөг байлаа. Зунаас хойш ам.долларын ханш байнгын савлагаатай байгаа бөгөөд энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, экспортод гаргаж буй ашигт малтмалын үнэ гадаад зах зээлээс шалтгаалж унасантай холбоотой юм. Бодлогын алдаанаас үүдэн дотогшлох ам.долларын урсгал татарч, гадагшлах урсгал нэмэгдсэн нь эрэлт, нийлүүлэлтийн асар их зөрүүг үүсгэж, ам.долларын ханшийн савлагаагаар эдийн засагт хариу барьж эхэллээ. Эдийн засаг дахь ослын дохио хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй ч үүнээс гарахын тулд Монголын төр нүүрсний салбарт тусгай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болж.
Он гарсаар гадаад зах зээлд нийлүүлж байгаа нүүрсний экспортын хэмжээ болон үнэ унаж, ингэснээр Монголын эдийн засагт орж ирэх долларын урсгалыг царцаах нэг шалтгаан болоод байгааг эдийн засгийн хүрээнийхэн амаа урагдтал ярилаа.
Хоёрхон жилийн өмнө улсын төсвийн 40 хувийг дангаараа хангаж байсан нүүрсний салбарынхан өнөөдрийн хувьд дөнгөн, данган үйл ажиллагаагаа явуулж, эхний арван сарын байдлаар гэхэд ердөө л 12 сая тонн нүүрсийг Хятадын зах зээлд нийлүүлээд байна. Энэ нь төлөвлөж байснаас нэг дахин бага үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, он дуусахад сар гаруйхны хугацаа үлдээд байгаа энэ үед Монгол Улс 50 хувийнхаа оноог ч цуглуулж чадаагүй явна. 2013 онд Монгол Улс 30 сая нүүрсийг экспортод гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажилласан ч үүнийхээ тал хувийг ч хангаж чадаагүй нь нүүрсний салбарт тусгай бодлого дутагдсаных хэмээн хэлж болно. Монголын Дорж, Хятадын Да данжаадад ноолууран цамц, арьс шир зарахаас аль утгаар нь ч авч үзсэн өөр асуудал.
Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг гэдэг утгаараа нүүрс Монголын хувьд эдийн засгийн онцгой чухал стратегийн бүтээгдэхүүн. Гэвч Монголд нүүрсний салбарт зориулсан тусгай хууль байхгүй. Нүүрсний бодлогыг хариуцсан тусгай агентлаг ч алга байна.
Монголчууд нүүрсээ Хятадын томоохон зах зээлийг даваад Япон, Өмнөд Солонгос руу шидчихгүй л юм бол урд хөршийг алгасах боломж өнөөхөндөө байхгүй. Цаашдаа аль нэг улс орноор дамжуулан гуравдагч зах зээл рүү нэвт гаргах хүртлээ Монголын хувьд нүүрснийх нь ганц том зах зээл Хятад улс байсаар л байх болно. Хүссэн хүсээгүй Хятадын зах зээлийг бид ирээдүйгээ, эдийн засгийн том хөрөнгө оруулалт гэж харахаас өөр арга байхгүй гэсэн үг. Хятад улсын хувьд зөвхөн Монгол ч гэлтгүй дэлхийн олон орны нүүрснийх нь ганц нийлүүлэгч улс болоод буй. Тэгвэл Хятадтай хил залгаа оршдгийн хувьд Монголын нүүрс хаданд гарах боломж хангалттай их бий. Харамсалтай нь, төрийн бодлого, улстөржилт, элдэв амбицаас болоод энэ салбарт өнөөдөр уналт нүүрлээд буйг он дуусах дөхөж байхад дөнгөж 12 сая тонн нүүрс экспортолсон гэх тоон мэдээ бэлхнээ гэрчилж байна. Салбарын яамнаас энэ ондоо багтааж 30 сая тонн нүүрсийг экспортод гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа бол яамны зорилго ерөнхийдөө тал хувьдаа хүрвэл их юм гэсэн байр суурьтай байна. Яаж хичээгээд ч арван сардаа багтааж экспортлоогүй нүүрсийг хоёр сар хүрэхгүй хугацаанд амжуулна гэдэг үлгэр байх.
Хятадын хил дээр Монголын нүүрс овоолгоостой байгаа нь хилийн дамжин нэвтрүүлэх хүчин чадал муутай холбоотой гэх. Олон жилийн өмнөөс экспортод нүүрсээ гаргаж, дэлхийд эрчим хүчний том тоглогч болон орж ирэхээр төлөвлөж байгаа бол дэд бүтцээ сайжруул хэмээн гадны мэргэжилтнүүдийн зөвлөж байсныг нохой хуцахын дайтай сонсоогүй Монголын төр тоомжиргүй хандсаныхаа балгийг амсч, одоо л амаа барьж байх шиг.
Эрчим хүчний асар том мангас дэргэд нь амаа ангайсаар байхад өөрсдөөсөө шалтгаалж өрсөлдөөнөөс шахагдана гэдэг бидний арчаагүйнх. Өнөөдөр Австрали, Орос, Казахстан гээд Хятадын зах зээл дэх Монголын байр суурийг булааж авахаар тодорхой бодлого хэрэгжүүлж эхэлчихээд байхад бид ердөө л өөр хоорондоо, дотоодынхоо өрсөлдөөнөөс хальж чадахгүй сууж байна шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” нь “Энержи ресурс”-тайгаа барьцаж, дотооддоо бие биенээ унагах, чадах оролдогоор гадагшаагаа холыг харах нүдээ сохолчихоод сууж буй нь эмгэнэл биш гэж үү. Нэгийгээ нөгөө нь унагадаг, унагахын тулд улстөрчид нь хоорондоо хор найруулдаг, хууль боловсруулагч, шийдвэр гаргагчид нь дотоодынхоо өрсөлдөөнөөс илүүг харж чадахгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байгаа нөхцөлд Монгол Улсын өрсөлдөх боломж хумигдахаас яах билээ. Гол өрсөлдөгч нь Монголын хувьд монгол биш Австрали, Орос, Казахстан гэдгийг эрхбиш ойлгомоор л юм. Гэтэл авир зангаасаа болоод Монголын нүүрс гадаад зах зээл дэх байр сууриа улам л алдсаар. Хил дээр хэдэн сая тонноор овоорсон нүүрс Хятадын зах зээлд яагаад гарахгүй байна вэ. Энд хятадууд гэхээсээ илүү саваа бэлтгээгүй байж саалиа хүлээж суугаа бид өөрсдөө буруутай. Энэ алдаагаа эртхэн олж харахгүй бол Монголын нүүрс хог болно. Овоорсон нүүрсээ үнэгүй шахам өгөхөөс өөр аргагүйд хүрнэ.
Өнөөдөр Монгол Улс нүүрсний салбарынхнаас 10 гаруй төрлийн татвар авдаг. Хоёр жилийн өмнө бурхан хүртэл Монголын талд үйлчилж байсан үед бол арав битгий хэл хорин төрлийн татвар ч авч болохоор байлаа. Одоо харин ихэнх компаниуд нь амьсгалах төдийхөн байхад энэ олон татваруудаа цөөлөх хэрэгтэй гэж улстөрчдийн санаанд ганц удаа ч буухгүй байгаа нь хачирхалтай. Үүнийг зохицуулахын тулд нүүрсний салбарын зах зээлийг тэлэх, ажил, алхмыг эхлүүлэх, татварын асуудалд уян хатан хандах гээд төрийн тусгай бодлого үгүйлэгдээд байгаа хэрэг шүү дээ. Бодлогогүй салбар дахь өрсөлдөх чадвар “0” заахаас ч яах билээ.
“NEWS WEEK” сонин №038 Ж.НЯМСҮРЭН