Өвөлжилтийн бэлтгэл болон угаарын хийн эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-2021-2022 оны галлагааны улирал буюу өвөлжилтөд зориулан өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн. Одоогоор 80 орчим хувийн биелэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэн хэд хэдэн дэд сэдвийг агуулдаг.
- Сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, аюулгүй байдлыг хангах асуудал буюу иргэдэд хүртээмжтэй байлгах, өмнөх жилүүдэд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх ёстой.
- Иргэд галлах явцдаа угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх явдал.
- Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хувь хүний оролцоог сайжруулах.
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дэд төслүүдтэй хамтран айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн бусад төрлийн ахуйн цахилгаан халаагуурын технологийн шийдлүүдийг санал болгох багц ажлууд ордог.
–Өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн гэлээ. Багц тус бүрээр нь задлан танилцуулахгүй юу?
-Түлшний нөөцийн хувьд “Таван толгой түлш” ХХК үйлдвэрлэлээ явуулж байна. Нийслэлийн зүгээс агуулах, тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулан, гүйцэтгэдэг. Есдүгээр сарын 2-ний байдлаар 29.180 тонн сайжруулсан түлшний нөөц агуулахад байгаа гэсэн мэдээ бий. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 60 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлж байж өвөлжилтөд бэлэн болсон гэж үздэг. Есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн, 20-ны дотор 60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр төлөвлөгөөний дагуу түлш нөөцлөлтийн ажил хэвийн явагдаж байгаа гэсэн үг.
Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн тав болон зургадугаар сарын угаарын хийн эрсдэл их өндөр байсан. Угаартсан хүн болгоноос судалгаа авч, нөхцөл байдал, шалтгааныг нь тодруулсан. Уг судалгаагаар 2019, 2020 онд гарсан угаарын хийн эрсдэлүүд мэдлэг, мэдээлэл хангалтгүй байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшээ зөв зохистой түлэх, угаар мэдрэгчээ ажиллуулах, амьдралын хэв маягаа сайжруулсан түлшний хэрэглээнд уялдуулан өөрчлөх зэрэг мэдлэг дутмаг байснаас угаарын хийд хордох тохиолдол их гарсан. Харин хоёр жил сайжруулсан түлшээ хэрэглэсний дараа буюу өнгөрсөн хавар гарсан угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй хандсанаас үүссэн байдаг. Хамгийн энгийн жишээ бол “Бороо ороод байхаар нь яндангаа аваад өрхөө бүтээсэн” гэх шалтгаанаас үүдэн угаартах эрсдэл үүссэн. Ийм шалтгаан маш өндөр хувийг эзэлж байгаа. Эсвэл насанд хүрээгүй хүүхдүүд галаа түлээд, яндангаа аваад өрхөө бүтээчихсэн гэх мэтийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас угаарын хийн эрсдэлд орох тохиолдол нэлээдгүй байлаа. Тэгэхээр иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас үүссэн эрсдэлийг сургалт, нөлөөллийн ажлаар бууруулна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтан ажилладаг. Тус ажилтнууд нийслэлийн гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлтгэл ажилд оролцохоос гадна орчны бохирдолтой холбоотой ажлуудыг хийдэг. Тиймээс 4500 ажилтнаа зургаан дүүрэгт нэгж болгон багцалж, зургаан өдрийн сургалтад хамруулж байгаа. Тодруулбал, айл бүрээр орон өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах сургалт байгаа. Нэг орон тооны бус ажилтанд 40 хүртэлх айл ногддог. 40 өрх гэдэг нь 2-3 гудамжны айлууд гэсэн үг. Тэгэхээр 4500 орон тооны бус ажилтнуудыг есдүгээр сарын 15-наас өмнө бүх айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын тухай мэдлэг, мэдээллийг олгосон байх сургалтад хамруулж байгаа юм. Өнөөдрийн хувьд тав дахь дүүрэг буюу Баянзүрх дүүрэгт 14:00 цагаас сургалт орсон бөгөөд амжилттай үргэлжилж байна. 4500 ажилтнууд дээр бүх хорооны дарга, хэсгийн ахлагч нар нэмэгдээд 5000 гаруй хүн сургалтад хамрагдана. Халдвар хамгааллын дэглэм мөрдөх үүднээс тодорхой хэсгийг танхимаар, дийлэнх хувийг нь цахимаар сургалтад хамруулж байгаа.
-Иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр өөр ямар ажлууд төлөвлөсөн бэ?
-Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг өдөрлөг маань хэд хэдэн дэд хэсгээс бүтнэ. Тухайлбал, нэг талдаа агаарын бохирдолтой холбоотой төрийн үйлчилгээг үзүүлэх юм. Үүнд, “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэгтэй холбоотой үйлчилгээ, мэдээллийг хүргэнэ. Нөгөө талд нь шинэлэг техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэдэг бизнес, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчилна. Мөн төрийн байгууллагаас гаргасан стандарт, норм, норматив болоод хангах ёстой бусад хэм хэмжээг хангуулах, тэдгээрийг тайлбарлах, ойлгуулах юм. Түүнчлэн стандартын зуух болоод стандартын бус зууханд түлш түлэхэд шаталтын ялгаа ямар байдаг вэ? Утаа их хаядаг, бага хаядаг тээврийн хэрэгслийн хооронд агаар бохирдуулах ямар хэмжээний ялгаа гардаг вэ гэдгийг газар дээр нь хэмжиж, иргэдэд сонирхуулна. Үүнээс үүдэлтэй технологийн шийдлүүдийг иргэдэд санал болгохоор ажиллаж байна. Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөлтэй хамтран гэрийн дулаалгын талаар танилцуулга, төслүүдийг иргэдэд мэдээлэхээр төлөвлөсөн. Гэрээ дулаалсан айлын түлшний хэрэглээ болоод гэрээ дулаалаагүй айлын түлшний хэрэглээнд ямар зөрүү гарч байгааг иргэдэд таниулан, сурталчилна гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газар болоод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна, чанар хяналтыг сайжруулна” гэсэн байдаг. Үүнийг бодит байдал дээр хэрэгжүүлье гэж үзвэл жилд ойролцоогоор 10 орчим хувиар агаарын бохирдлыг бууруулах шаардлага үүсэж байна. Үүнийг хэрэгжүүлэхээр тархалтын загварчлал гарган, дүн шинжилгээ хийхэд айл өрхүүдийн зуухны стандарт болоод автомашинаас ялгарч буй бохирдол хамгийн их болоод байгаа юм. Ер нь яндангүй л бол бохирдолгүй байна гэж ойлгоход буруудахгүй. Тиймээс өрхийн цахилгаан, дулааны хэрэглээг агаар бохирдуулдаггүй эх үүсвэрээр солих боломжийн талаар суурь судалгаа хийн, иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийдэг. Энэ мэтчилэн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан таван төрлийн цогц төлөвлөгөө гарган бэлдэж байгаа.
-Сайжруулсан түлш борлуулах цэгүүд нэмэгдэж байгаа юу. Мөн үнийн хувьд өөрчлөлт орсон уу?
-Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны галлагааны улиралд 446 мянган тонн түлш түлсэн байдаг. Харин 2020-2021 оны галлагааны улиралд 708 мянган тонн түлш түлсэн. Энэ нь түлшний хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг. Тус 708 мянган тонн түлшний 504 мянган тонн түлшийг 75 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд худалдаалсан. 54 мянган тонн түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнийн дүнгээр мөн иргэд худалдаж авсан. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард судалгаа авахад хэрэглэгчид “Түлшний үнийг хөнгөлсөн нь цар тахлын үед маш их дэм болсон” гэх дүгнэлтийг өгсөн. Энэ жилийн хувьд Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдруулан худалдаалахаар болсон. Нэг шуудай түлшийг 1875 төгрөгөөр худалдаалах бөгөөд зургаан шуудай түлшийг 11.250 төгрөгөөр худалдан авч, нэг айл долоо хоногийн хэрэгцээгээ хангана гэсэн үг. Борлуулалтын цэгийн тоог 2019 оноос хойш тасралтгүй нэмсэн. Хамгийн сүүлд цар тахлын үед настай хүмүүс, алслагдмал хол газар амьдардаг иргэддээ ойртох зорилгоор 67 “Өндөр цэг”-ийг нэмсэн. Ингэснээр нийт 686 түлш борлуулах цэгтэй болсон байгаа. Өмнө нь түлш тээврийн 22 компани тээвэрлэлт хийдэг байсан бол энэ жилээс 35 болгосон. Ингэснээр тээвэрлэлт удах, хоног хугацаа алдах зэрэг асуудлууд үндсэндээ байхгүй болсон. Төрийн үйлчилгээг ойртуулж, хүртээмжээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Зарим айлын угаар мэдрэгч ажиллагаагүй болсон гэх гомдлууд ирдэг. Ер нь угаар мэдрэгчийг хэр удаан хэрэглэж байж сольдог вэ?
-Төрөөс 198 мянган угаар мэдрэгчийг нэг удаадаа үнэгүй тарааж, айл өрхүүдэд байрлуулсан. Эхэн үедээ хэрэглээний мэдлэггүйгээс болоод угаар мэдрэгчийг хэрэглэхгүй орхих тохиолдол нэлээд гарсан. Жишээ нь, зай нь дууслаа, муухай дуугараад байна гээд унтраачихдаг зэргээр орхигдуулсан байдаг. Өнгөрсөн жилээс айлууд угаар мэдрэгчийг сайн хэрэглэж байна. Угаарын онцлог нь нүдэнд харагдаж, гарт баригдаж, үнэртэхгүй байсаар хүний амьсгалын түвшинд хүрдэг. Тиймээс угаар мэдрэгч бол зайлшгүй шаардлагатай зүйл. Орон тооны бус 4500 ажилтнуудыг айл өрхөөр явуулан, ажиллагаатай болоод ажиллагаагүй угаар мэдрэгчийн судалгааг хийлгэсэн. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт 3300, Баянгол дүүрэгт 386, Сүхбаатар дүүрэгт 1072 угаар мэдрэгчийн хэрэгцээ байгаа гэсэн тоо гарсан. Өөрөөр хэлбэл, 10 мянга орчим айлууд угаар мэдрэгчээ хаясан, гээсэн, эвдэлсэн байна. Эдгээр шаардлагатай угаар мэдрэгчийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болоод “Таван толгой түлш” ХХК-иас шийдэн, энэ долоо хоногоос нэмж 20 мянган угаар мэдрэгчийг оруулж ирэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө есдүгээр сарын 11, 12-нд болох өдөрлөгөөс өмнө угаар мэдрэгчээ бэлэн болгоно. Галлагаа эхэлсэн үед угаар мэдрэгч нь давхар ажиллаад явах ёстой. Намрын улирлын нэг эрсдэлтэй тал нь зунжин орсон борооны улмаас яндан битүүрдэг. Яндангаа хөөлж амжаагүй байхад гэнэт хүйтрээд гал түлэх болдог. Үүнээс болж шаталт дутуу явагдах, угаартах эрсдэл бий болдог. Иймээс сайжруулсан түлш, галлагаа, угаарын эрсдэлтэй холбоотой бүх талын мэдээллийг иргэдэд хүргэх үүднээс тус өдөрлөгийг зохион байгуулахын сацуу орон тооны бус ажилчдыг дайчлахаар төлөвлөөд байгаа юм. Яндан хөөлөхөд хүндрэлтэй байгаа айлууд буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй тулж ажиллана.