УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг тодруулах Бага хурлын XIII хуралдаан COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, хагас цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хуралдаан 76 хувийн ирцтэй, хурал даргалагчаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар ажиллав.
Энэхүү хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. МАН-ын Бага хурлын XII хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргуудад болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг баталсан. Уг журмын хүрээнд нэр дэвшигчдээ тодруулав.
МАН-ын Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтээ хоёр тойрогт нийт долоон хүн илэрхийлсэн бөгөөд тойрог тус бүрт явуулсан социологийн судалгааны үр дүнд үндэслэн, олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн өндөр боломжтой намын гишүүн, нэр дэвшигчийн нэрийг Бага хуралд оруулж баталсан юм.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт социологийн судалгаагаар хамгийн өндөр рейтингтэйгээр аймгийн засаг дарга, аймгийн МАН-ын хороон дарга Ц.Идэрбат тэргүүлж, Бага хурлын гишүүдийн 97,8 хувийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвшихээр болов.
УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт социологийн судалгаагаар Э.Батшугар олон нийтэд танигдалт, улс төрчийн рейтингээрээ тэргүүлж, Бага хурлын гишүүдийн 95 хувийн саналаар нэр дэвших эрхээ баталгаажууллаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “МАН 2020 оны УИХ-ын сонгуульд намын удирдлагуудын хүссэн хүнийг биш, олон нийтийн хүссэн хүнийг нэр дэвшүүлэх зарчмыг баримталснаар парламентад 62 суудал авч, өмнө нь 65 суудалтай байсан үнэмлэхүй олонхийн байр сууриа хадгалж чадсан. Тиймээс УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхдээ дээрх зарчмыг баримталсан.
Өнгөрсөн наймдугаар сард болсон МАН-ын Бага хурлын XII хуралдаанаас УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах, нэр дэвшүүлэх журмыг баталсан. Үүнтэй холбогдуулж МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлэх нарийвчилсан журмыг мөн баталж, уг журмын гол зарчим нь тухайн тойрогт нэр дэвшихээр горилж буй намын гишүүдийн хэн нь ямар хэмжээнд танигдсан бэ, ямар хэмжээнд дэмжлэг авах боломжтой вэ, улс төрийн намын хувьд МАН-ын рейтинг тухайн тойргууд дээр ямар байна вэ гэдгийг илүү харгалзаж үзлээ.
Социологийн судалгааг хоёр үе шаттай хийсэн. Эхний шатанд хоёр тойрогт нэр дэвших сонирхолтой бүх горилогчдыг хамруулсан бол дараагийн шатанд олон нийтийн дэмжлэгийг илүү авах, өөрөөр хэлбэл нэр дэвшсэн тохиолдолд ялалт байгуулах боломжтой горилогчдын хүрээнд судалгааг хийсэн. Тиймээс илүү зарчимтай, илүү шинжлэх ухаанч, баримт, нотолгоонд тулгуурласан хандлагыг хоёр тойргийн нөхөн сонгуулийн нэр дэвшүүлэлтэд баримталсан” гэлээ.
Ийнхүү Монгол Ардын Нам ирэх аравдугаар сарын 10-нд болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, хуульд заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.