Хажуу ширээнийхээ охиныг эргэн, эргэн харсаар хичээлийн цаг өнгөрч, нэг л мэдэх нь ээ завсарлагааны хонх дугардагсан. Дэггүй нь дэндсэн хөвгүүд охидынхоо гэзэгнээс татаж, сургуулийн үүдэнд тэвэг өшиглөж, хаа нэгтээ хуучны байрны орцонд гитар тоглон сууцгаана. Харж явдаг охин нь хажуугаар нь зөрөх төдийд нүүр час улаан болж, сандарсандаа үг ч хэлж чадалгүй дэмий л явтал нь харж зогсдогсон. Түүндээ таалагдахын тулд хичээлдээ шамдаж, аль болох нүдэнд нь харагдахын тулд буруу зүйл хийж самбарын өмнө очно.
Багш “Энэ хүүхдийг хараад байгаарай. Хичээл мэдэхгүй, ном сурахгүй байж бас гар дээр ээ ЯТОЛ гэж бичнэ. Алив чи энэ үгээ юу гэсэн үг юм мэдэх үү” гэж чихнээс мушгихад анги дүүрэн инээд болно. Энэ бол миний сурагч насны хамгийн нандин бөгөөд гэгээн дурсамж. Чухам хүн бүр л Ерөнхий боловсролын сургуулийн сурагч ахуй насандаа шохоорхол, үерхэл, анхны хайртайгаа учирдаг гэвэл хилсдэхгүй. Үнэхээр хамгийн сайн найз эсвэл сайхан үерхэл хоёрын аль нь болохыг мэдэхгүй ч нэг тийм эгэл биш, насан туршдаа мартаж чадахааргүй гэгээн харилцаа гэж байдгийг уншигч та мэдэх биз ээ.
Яг л бидний үеийн үерхэл нөхөрлөл, гэнэн томоогүй хөвгүүд, бардам танхил охидын тухай өгүүлсэн “Хайр уу? Найз уу?” уран сайхны кино өнөөдрөөс эхлэн олны хүртээл болох нь. Тодруулбал, Зогсохгүй продакшны жүжигчин Э.Лууяа, А.Дүүрэнжаргал болон залуу уран бүтээлч Б.Дуулим нар тус киноны гол дүрд тогложээ.
1990-ээд оны хөгжилтэй явдлуудыг харуулсан тус уран сайхны кино таныг тэртээ үлдсэн дурсамж, дурдатгалын ертөнцөөр тань дахин аялуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнөөдрөөс эхлэн UNIVISION, SKYMEDIA, DDISH, LOOKTV, MNBC, HOMEMEDIA, GO зэрэг бүх IPTV-ээр цацагдах “ХАЙР УУ? НАЙЗ УУ?” УСК-ны албан ёсны трейлерийг уншигч та бүхэндээ толилуулж байна.