Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 28 дахь жилтэйгээ золгож байна.
Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Соёлын сайд Ч.Номин ажил үйлсдээ амжилт гаргасан салбарын уран бүтээлчдэд өнөөдөр шагнал гардууллаа.
Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, соёл, урлагийн салбарын нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс болон хувиасаа баяр хүргэе.
Бид хүн төрөлхтний түүхэн дэх соёл, урлагийн хамгийн хүртээмжтэй цаг үед амьдарч байна. Энэ цаг үед бусдаас ялгарч, тодорч, хийсэн бүтээснээ үнэлүүлж, олны хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг нь өөрөө том шалгуур юм.
Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэж, Соёлын яамны хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
Монголын ирээдүй хойч болсон залуусынхаа оюун санааны дархан манаанд зогсож буй уран бүтээлч, соёлын зүтгэлтэн Та бүхэнд цаашдын уран бүтээл, бүх нийтийг соён гэгээрүүлэх, нийгмийн үнэт зүйлийг бэхжүүлэх үйл хэрэгт нь өндрөөс өндөр амжилт хүсэж байна.
Аливаа бүтээл нь уран бүтээлчдийн ертөнц, үзэл санааг агуулах төдийгүй цаг үеийнхээ тусгал болон хожмоо энэ нь түүх болон үлддэг. Энэ цаг үеийн түүхийг бүтээж, түүчээлж манлайлж байгаа та бүхэндээ дахин баяр хүргэж, чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье” гэлээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Үндэсний Урлагийн Их театрын ахмад уран бүтээлч, дуучин Д.Ариунаа, Соёлын тэргүүний ажилтан цолоор тэмдгээр Соёлын яамны Урлаг бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, Үндэсний Урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр, тус театрын дуучин Т.Баатархүү, дуучин Д.Сайзанмаа, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дуучин А.Анар-Эрдэнэ, бүжигчин О.Олонбаяр, Байгалийн түүхийн музейн үзмэр харгалзагч Н.Отгонжаргал, Дүрслэх урлагийн музейн захиргаа аж ахуйн албаны дарга А.Содномцэвэл, Монголын театрын музейн бүртгэл мэдээллийн санч Б.Сангарагчаа, Монголын театрын музейн сан хөмрөгч А.Цэндсүрэн, Улсын Драмын Эрдмийн театрын туслах найруулагч, жүжигчин О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, Чойжин ламын сүм музейн тасалбар түгээгч М.Дарханчимэг, Хүүхэлдэйн театрын хувцас, жижиг хэрэглэлийн эрхлэгч Г.Туул, тайзын зураач С.Энх-Од нар тус тус шагнууллаа.