VOO original series, Oi entertainment-ийн бүтээл No Rules олон ангит кино 8-р сарын 29-нд нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, эхний ангиасаа л шуугиан тариад байна. Ням гараг бүрийн 22:00 цагаас Боловсрол телевизээр гарч байгаа бөгөөд түрүүлж үзэхийг хүсвэл VOO аппликейшн татаад үзэх боломжтой.
Киноны тухай товч танилцуулга: Эрдэс хот нь хууль, дүрэм журамтай боловч хууль сахиулах хүчнийхэн мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдэг, гэмт хэргийн бүлэглэлүүд хүчирхэгжсэн хот юм. Хилс хэргээр баривчлагдсан Хүлэгийн эсрэг талд хар тамхи, хориотой наймаа, авлигын мафи байх бөгөөд үнэн, шударга ёсны төлөөх тэмцэл хурцаар өрнөнө. Дүрэмтэй хэрнээ “дүрэмгүй” Эрдэс хотын гэмт бүлэглэлийн эсрэг мөрдөгч Хангай, хэлмэгдсэн Хүлэг нар хамтран тэмцэнэ.
Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа NO RULES олон ангит киног үзэх шалтгаанууд:
1. Зохиомол хотод өрнөх амьдралын түүхүүд
No Rules олон ангит киноны үйл явдал Эрдэс хэмээх зохиомол хотод өрнөдөг. Эрдэс нь яг одоо цагт оршин байгаа, Улаанбаатар хот лугаа хөгжил, дэвшилтэй орчин үеийн хот юм. Энэхүү хот гэмт хэргийн үүр уурхай болж, прокурор нь авлигад идэгдэж, цагдаа нар нь мафиа дийлэхээ больж, мөнгөөр бухнийг худалдаж авдаг бараан хот боловч хайр дурлал, гэр бүлийн аз жаргал гээд гэгээн бүхэн давхцан оршино.
No Rules киног үзээд хаана зураг авалтаа хийснийг нь таах гээд оролдоод үзээрэй. Улаанбаатар хотын хамгийн нууцлаг, сонирхолтой объектууд дээр нэмэлт засал чимэглэл хийж, цоо шинэхэн хотыг нийслэлдээ бүтээсэн ажээ.
Эрдэс хотын Цагдаагийн газар, цагдаагийн дүрэмт хувцас, машины дугаар гээд бүх зүйл нь өөр байх болно.
2. Таамаглашгүй сонирхолтой үйл явдал
Нэг цагийн турш сэтгэл түгших, айх, баярлах, инээх, хайрлах мэдрэмжүүдийг бүгдийг авна. Гол дүрүүдтэй хамтдаа зодолдож, зодуулж, буудалцаж, гэмт хэрэгтнүүдийг хөөж, хайртай бүсгүйг нь найрч, бүтэлгүй найзуудтай нь инээлдэнэ. Сайн гэж бодсон дүр муу болж, үзэн ядсан дүр нь үнэндээ сайн дүр байдаг шиг твистүүд, дүр бүрийн ард орших нууцлаг түүхүүд таныг дараа дараагийн ангийг үзэх хүслийг төрүүлнэ. Кинонд “зүгээр нэг” гэсэн нэг ч зүйл байхгүй. Бүх зүйл учиртай. Эхний ангиасаа л үзэгчдийг соронзон мэт татна.
3. Хүчирхэг эсрэг дүрүүд
Энэхүү киноны эхний ангиудад эсрэг дүрүүд үнэхээр хүчирхэг байна. Хотыг өөрийн дүрмээр удирддаг, мафийн босс Наран /жүжигчин Г.Эрхэмбаяр/, түүний дүү Mongolian psycho Билэг /жүжигчин Б.Болорчулуун/, Билэгийн бизнесийн хамтрагч Цэрэн /жүжигчин М.Наранмөнх/, авлигад идэгдсэн прокурор /жүжигчин О.Гэрэлсүх/ нарын дөрвөл Эрдэс хотыг эзэгнэнэ. Тэдний эсрэг тулалдах “манай” тал хэрхэн яаж дийлэхийг тэсэн ядан хүлээж байна.
4. Нууцлаг эмэгтэй дүрүүд
Гол дүр Хүлэгийн эгчид жүжигчин Г.Нарансолонго, Баярын охин Тэргэлийн дүрд жүжигчин У.Уянга, Баярын эхнэр Байгалийн дүрд жүжигчин Г.Золзаяа, мөрдөгч Хангайгийн эхнэрт жүжигчин Н.Нархажид, Билэгийн “найз” бүсгүйд жүжигчин Б.Хунцэнгүүн нар тогложээ. Тууштай сэтгүүлч бүсгүйн дүрд тоглосон жүжигчин З.Номундарь нь Монголын нэгэн нэртэй эмэгтэй сэтгүүлчтэй тун адилхан болсон санагдана. Кино уран бүтээлчдийн дэлгэсэн постерноос харахад эдгээр бүсгүйчүүд киноны адармаат үйл явдалд тун чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэг нь тодорхой байна.
5. Хүлэг VS Билэг буюу Шударга ёс VS Гэмт хэрэг
Бид постер болон трейлерээс энэхүү 2 дүр сөргөлдөнө гэдгийг харсан. Шударга ёсны төлөөлөгч мөрдөгч Хангай, шоронд хилс хэргээр хоригдсон Хүлэгтэй хамтран хүчирхэг эсрэг дүрүүдийг хэрхэн дийлэх нь сонирхол татаж байна.
Авлига байгаа цагт гэмт хэрэг хэзээ ч арилахгүйг энэхүү киногоороо уран бүтээлчид дуугарахыг хүсчээ. Танил тал, мөнгөөрөө далимдуулан гэмгүй нэгнийг гэмтэн болгож, жинхэнэ хэргийн эзэд нь эрх чөлөөтэй зугаална. Сайн зүйлийг хийхийг хүсдэг хүн бүр дайсантай болно.