Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтлоо.
Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5,5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 6,5 саяд хүрч өссөн тухай Алтанбулаг Чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал танилцуулгадаа онцолсон.
Энд цахилгаан хангамжийн асуудал олон жилийн турш яригдаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн төвөөс 35 мВт-ын шугам татаж чөлөөт бүсийг дангаар хангах шаардлага тулгарч буйг Шадар сайд Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийлэв.
Өдгөө Сэлэнгэ аймгаас Алтанбулаг сум руу татсан 35 мВт цахилгааны шугам нь орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангадаг учраас чөлөөт бүсийн цахилгаан хангамж дутагдалтай явж иржээ.
“Чөлөөт бүсийн Цахилгаан хангамжийг нэмэгдүүлснээр аж ахуй эрхлэгчид олноор очиж, төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ тээвэр ложистикийн цогц үйл ажиллагаа хөгжих бүрэн боломжтой учраас Шадар сайдын хувьд энэ асуудалд онцгой анхаарна. Ази, Eвропыг холбосон стратегийн ач холбогдол бүхий чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал. Төр засаг бодлогын хүрээнд хийх ажлаа хийгээд шийдээд явна. Аймаг орон нутаг, Чөлөөт бүсийн захиргаа ч бас өөрсдийн нөөц бололцоогоор хийх ажлуудаа хийх ёстой. Бүх зүйлийг төрөөс хараад суулгүй, шат шатны зохион байгуулалтаа сайжруулж ажилла” хэмээн Шадар сайд онцоллоо.
Мөн Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй автомашинуудыг давхар ариутгах нэрийдлээр жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авдаг явдлыг таслан зогсоохыг Чөлөөт бүсийн удирдлагуудад даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.