Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Соёлын яамны ивээл дор “UB ART FESTIVAL 2021-УЛААНБААТАР” олон улсын дүрслэх урлагийн II наадам үргэлжилж байгаа юм.
Нийгмийг соён гэгээрүүлэх үйлст дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа дээрх фестивалийн хүрээнд өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Контемпорари урлагийн үзэсгэлэн” болон “Сийлбэр симпозиум” фестивалийн нээлт боллоо.
Дээрх үзэсгэлэн, фестивалийг Соёлын яамны Урлаг уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн нээж, энэхүү арга хэмжээ нь ““Digital Nation-21” арга хэмжээтэй уялдан Монголын дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийн явц, хувьслыг таниулах, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэхэд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг тал бүрийн ач холбогдолтой” талаар онцолж, уран бүтээлчдэд амжилт хүслээ.
Үзэсгэлэн үнэ төлбөргүй, ирэх сарын 26-ны өдрийг хүртэл Үндэсний соёл, амралтын хүрээлэнд дэлгэгдэнэ.