Швед улсын Стокхольм хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Азийн кино наадам” буюу “ASIATISKA FILM FESTIVALEN” арга хэмжээ энэ жил есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 03-ны хооронд Стокхольмын Гранд Театрт болох гэж байна.
Тэгвэл энэхүү арга хэмжээнд анх удаа Монголын “Шилүүс”, “Бүсгүй”, “Алтан судал” гэсэн гурван кино оролцохоор болжээ.
Швед дэх ЭСЯ-наас кино наадмыг зохион байгуулагч талтай 2020 оны сүүлээс мэдээлэл, санал солилцон хамтран ажиллаж, Монголын кино уран бүтээлүүдийг оролцуулах саналыг тавьж, хамтран ажилласан бөгөөд энэ удаагийн кино наадамд оролцох уран бүтээлүүдийг зохион байгуулагч талаас сонгож, уран бүтээлчидтэй нь холбогдон ажиллажээ.
Швед дэх ЭСЯ-наас кино наадмын үеэр Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалыг танилцуулах зарим арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар Шведийн ASIATISKA FILM FESTIVALEN байгууллагатай хамтран ажиллаж байна.
Кино наадам аравдугаар сарын 3-ныг дуустал Стокхольм хотод, аравдугаар сарыг дуустал бусад хотод үргэлжилнэ.