МАНАН болохыг мөрөөдөгсөд эрүүл мэндийн салбар руу нумаа нуугаад сумаа тавьжээ

ы  Сүүлийн үед эрүүл мэндийн салбар руу дайрсан ортой, оргүй мэдээлэл хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр цацагдаж, орой болгон нас барсан хүний тухай цаг агаарын мэдээ мэт мэдээлж, эмнэлгийн ачаалал дийлдэхгүй болсон, ард түмэн чирэгдэж байна, өвчтөнүүд шалаар нэг хэвтэж байна гэж ард түмэнд хайр зарласан мэдээлэл тасралтгүй явж байгаа нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Эхэн үедээ хариуцсан салбар нь ч, мэргэжлийн ажилтнууд нь ч, иргэд ч анхааралтай хүлээн авч үнэхээр энэ салбарт засч залруулах ёстой олон асуудал хуримтлагдсан учраас ихээхэн нааштай хүлээн авч байх шиг байсан.

        Царвангаар хоолойгоо зайлаарай, амьд цогцосноос донор авна шүү, том том аппарат гэхээс хэтрэхгүй мэдлэгтэй, хоноцын сэтгэлгээтэй олон сайд дарга нарын гараар орж, тэнхээ тамир нь өдрөөс өдөрт доройтож байсан энэ салбарыг нэргэсэн хойно нь хашгирав гэгчээр хэчнээн ч тал талаас нь балбаад нэгэнт оройтжээ. Өнгөрсөн хэдэн жилд хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг ийм салбар байдгийг мартах шахам болж, сая сая төгрөгөөр хаалтын гэрээ гээчийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй үзэглэж, булхайгаа нууж, өөрийгээ магтуулахаас цаашгүй байсан улс төрчдийн, эрх барьж байсан улс төрийн намуудын хариуцлагагүй байдлаас болж энэ салбар эх захаа алдаж, элгээрээ хэвтсэн гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх.

        Нэгэн цагт Эрүүл мэндийн сайд хийж явсан Академич П. Нямдаваа 2004 онд сайдын ажлаа хүлээлгэж өгөхдөө “60 хувь нь англи хэлтэй, 40 гаруй хувь нь эрдмийн зэрэгтэй, засгийн газартаа яамдуудаасаа ажлаараа 1-рт байгаа яамыг хүлээлгэж өглөө шүү” хэмээн товчхон үг хэлээд тамгаа хүлээлгэж өгсөн гэсэн домог шиг яриа энэ салбарынхны дотор яригддаг. Үүнээс харахад энэ салбар арай л ийм байгаагүй бололтой.

        Тэгвэл хэн ийм болгочихов гэдэг асуултад хариу хэрэгтэй. Аль нам төрийн эрхийг барьж, хэн гэдэг сайд энэ салбарыг удирдаж явсан бэ гэдгээс хариулт эхэлнэ. Дадлагажигч эмч хэмээх далд бодлого хэрэгжүүлж өрхийн эмнэлгүүдийг өеөдүүлж, хоёр, гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж, 2003 онд 15 хувь байсан албан бус төлбөрийг 41 хувьд хүргэж ард түмнийг туйлдуулан ядууруулж, төрөх эмнэлэг барих нэрээр хэдэн арван тэрбумыг зарцуулсан атлаа 4-5 жил болоход нэг ч төрөхийг барьж дуусгалгүй, ард түмний татварын мөнгийг хэлхээтэй цемент болгон царцааж, гацаасан нь хэн билээ, чанартай, чанаргүй, хэрэгтэй, хэрэггүй  тоног төхөөрөмжийг өөрсдийн компаниар дамжуулан эмнэлгүүдэд шахаж эрх мэдлээ урвуулан ашиглаж улсыг хохироосон нь хэн билээ. Тендэрийн мөнгө цохиж, идэж уудаг нь илэрч, эрүүгийн хэрэгт холбогдсон нь хэн билээ. Хүн бүр мэднэ.

        Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд эрүүл мэндийн салбарт суурь шинэчлэл хийж эхэлсэн. Олон ч но-той, ноцтой зүйлийг засч залруулах гэж оролдож, зүтгэж байна. Эхний үр дүн ч гарч эхэллээ. Тэр бүрт байнга хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашиг хөндөгдөж, энэ салбар руу дайрч давшлах болсон. Хамгийн сонирхолтой нь эрүүл мэндийн салбар руу улс төрийн захиалгаар, тухайлбал, МАНАН-г дахин үүсгэж шанд нь сайдын суудалд залрахаар тохиролцсон бүлэглэлийн захиалгаар цуврал нэвтрүүлгүүд бэлтгэгдэж телевизүүдээр дамжуулан тарааж, нэвтрүүлж байсан нь илэрчээ.

        Энэ үйл ажиллагааг зохион байгуулж байсан сэтгүүлч Ганбаатарын Чинзоригийг “Бусдын нэр хүндэд халдсан мэдээллийг удаа дараа эфирээр явуулсан” гэх үндэслэлээр ажлаас нь халжээ. Сэтгүүлч гэнэ алдаж захиалагч, санхүүжүүлэгчийнхээ нэрийг хэлж,  тус телевиз Эрүүл мэндийн сайдаас уучлалт гуйснаар хэрэг манджээ.

        Яг үүнтэй адилхан сонин, сэтгүүл, сайтуудаар ийм төрлийн захиалгат мэдээллүүдийг түгээжээ. Тэгээд санал бичигчдийг хөлслөн авч эрүүл мэндийн салбар, эмч нар, сайд руу аль болох хар муу үгээр дайрч доромжилж, түүндээ захиалагчид нь баясаж, сэтгэл дотроо түүнийг үгүй хийж, устгасан мэтээр таашаал авч байсан сурагтай. Энэ бол мэдээллийн дайн. Тэд мэдээллийн дайнд яллаа гэж додигор байгаа байж магадгүй. Тэдний энэ улайрал муу ёрыг зөгнөж байна. Магадгүй нэг өдөр Зоригийн аллага шиг улс төрийн захиалгат аллага болохгүй гэх баталгаа алга болж байна. Ингэж улайрч байгаа хүмүүс юу ч хийхээс буцахгүй нь  тодорхой.

        Хамгийн сонирхолтой нь эрүүл мэндийн салбар руу, эмч нар руу, сайд руу дайрч доромжлох улс төрийн сэдэлтэй үйл ажиллагааг зохион байгуулагчид нь МАНАН болохыг мөрөөдөгсөд байгаа бөгөөд тэд нумаа нуугаад сумаа тавьсан ч бүх зүйл илэрч,  хэрэг бишдэж эхэллээ.

        Амьд хүүхдүүдийг үхсэн гэж, аврагдах боломжгүй, хүнд гэмтлийн улмаас нас барсан хүний нэр ашиглаж, хүний үхлээр өөрсдийнхөө хувийн сонирхлыг гүйцэлдүүлэх гэж улайрч, бүр сүүлдээ нас барсан хүний сүнсийг хүртэл ашиглаж, худлаа зохиомол мэдээ тарааж энэ салбарын ажлыг харлуулаад байгаа ил гарч, нэрээ гаргахыг нууж байгаа, олонд нүүрээ барагчид, энэ ёс суртахуунгүй хүмүүс  нь улс төрчид байжээ. Үүнийг дагаад олон ч үйл явдлууд хөврөх бололтой.

        Тэд яагаад үүнийг зохион байгуулах болов? МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрэмдэг, зэрэмдэг болгож, эх орноос нь эмчилгээ хийлгэх нэрээр дайжуулсан тэд “чоно борооноор” гэгчээр намыг нь эзэнгүйчилж энэ намыг сэргээн байгуулахад Н.Энхбаяртай эн тэнцүү зүтгэсэн Н.Удвалыг Н.Энхбаяр шиг болгох төлөвлөгөөндөө оржээ.   Тэгэхдээ энэ намыг байгуулахад зүтгэж байсан, одоогийн Бага чуулганы гишүүдийг бүгдийг нь чөлөөлж, шинээр МАХН-д элсээ ч үгүй, өмнө нь байгаагүй МАН-ын хүмүүсээр бага чуулганыг дүүргэж, энэ намын үнэт зүйлийг хадгалж явдаг лүмбэн пролетари нарыг нь бөөндөн зайлуулж дараагийнхаа улс төрийн тоглоомыг хийхээр зэхэж байгаа бололтой.

        Үүнийг батлах мэт энэ долоо хоногийн Даваа гаригийн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр МАН-ын жендерчин Оюунхорол гишүүн “Одоо нийгмийн сэтгэл зүй сайн бэлтгэгдэх шиг боллоо. Удвал сайдыг огцруулах асуудлыг манай бүлэг тавья” гэдэг санал тавьсан сурагтай. Оюунхорол гишүүн өөрийн намын хүүхнүүдээ намнаж дуусаад өрөөлийн намын хүүхнүүдийг намнах ажиллагаагаа МАХН-аас эхлэх гэж байгаа бололтой.

        Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив гэдэг шиг шил шилээ даран өрнөж байгаа мэдээллийн дайны учир нь олдож, учиг нь тайлагдах нь энэ.

        Энэ гэмт үйлдлийг илрүүлэх хуулийн баг ажиллаж захиалагч, санхүүжүүлэгч, зохион байгуулагчдын багийг хуулж олон нийтэд ил тод болгох өдөр ойртож байгаа гэнэ. Аливаа юмны тун нь, хэмжээ нь хэтрэхээрээ сайн үр дагавар авчирдаггүй гэдгийн жишээ ч энэ удаа давтагдлаа. Олонд боорлуулж байгаа хүнээ өмөөрдөг монгол сэтгэхүй энэ удаа ч давтагдаж байна. Иргэд, эрүүл мэндийн салбарынхан юмны учрыг олж, хужрыг тунгааж эхэллээ. МАХН-ын хууччуул ч босож байгаа сурагтай.

С.Будан

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …