Сүүлийн үед өөрийн шинэ уран бүтээлүүдээрээ олонд танигдаад буй дуучин МУСТА Э.Очирсайхан дэлхийн тайзнаа дэлхийн дуучидтай өрсөлдөхөөр болжээ.
Тодруулбал тэрээр дэлхийн “А” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох “Placido Domingo”-ийн нэрэмжит Operalia мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны финалын шатанд тэнцсэн байна.
Тус уралдааны эцсийн шатны шалгаруулалтад оролцохоор Дэлхийн 21 орны уран бүтээлчид эрхээ авсан ба тэдний нэгээр дуучин Э.Очирсайхан тодорчээ.
Монголын маань олон уран бүтээлчид сонгодог урлагийн салбарт хүч үзэн, амжилт гаргасаар ирсэн. Харин энэ удаад сонгодог урлаг, тэр дундаа мэргэжлийн дуурийн дуулаачдын шинэ, залуу, залгамж халаа Э.Очирсайханы маань хоолой дэлхийн “Их Театр” буюу “Большой” театрын тайзнаа эгшиглэх нь.
Тэрээр “Би энэхүү дэлхийн тайзан дээр эцгийнхээ хайрласан нэрээр бус эх орныхоо нэрээр дуудуулж гарна. Иймээс надаас 100 хувь биш 200 хувийн хөдөлмөр гарах ёстой. Үүний тулд л өнөөдрөөс өөр өдөр байхгүй юм шиг л зүтгэж явна даа” хэмээжээ.
Ирэх аравдугаар сард Москва хотыг зорихоор болсон Э.Очирсайхандаа амжилтын дээдийг хүсье.