Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулан хүргэж байна.
-Томуугийн вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийхээр зарласан. Аяны явц хэдэн хувьтай байна вэ?
-“Томуугаас сэргийлье” уриатай дархлаажуулалтын аян есдүгээр сарын 13-наас нийслэлийн хэмжээнд эхэлсэн. Аян 10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд вакцинд 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар хүүхдүүдийн 55 хувь, жирэмсэн эхчүүдийн 53 хувь нь вакцинд хамрагдаад байна. Насны бүлгээр авч үзвэл, 6-11 насны хүүхдүүд хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Зургаагаас бага настай, цэцэрлэгт явдаггүй, гэртээ байгаа хүүхдүүд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж, дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Дархлаажуулалтын аян есдүгээр сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.
-Дархлаажуулалтын аяны хүрээнд явуулын баг ажиллаж байгаа. Явуулын багийн эмч, мэргэжилтнүүдийн нөөц боломж хэр байна вэ?
-Сургууль, цэцэрлэгүүдээр явуулын баг очиж, хүүхдүүдэд вакцин тарьж байгаа. Хүүхдүүд цахим болон танхимаар хичээллэж буй тул тэрхүү цагийн хуваарьт тохируулан ажиллаж байна. Явуулын багт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж буй бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд хүүхдүүдийн бүртгэлд тусалж байгаа.
-Томуугийн вакцины ач холбогдол, давуу тал юу вэ. Вакцин тариулсан хүүхдүүд юунд анхаарч, ямар гам барих ёстой вэ?
-Вакцин тариулснаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголт нийтийн дунд байдаг. Тэгж ойлгож болохгүй. Гагцхүү хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Вакцин тариулсны дараах гурав хоногт хүүхдэд томуугийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч болно. Нус гоожих, найтаах гэх мэт. Энэ мэт шинж тэмдгүүд хариу урвалаар илэрсэн ч 2-3 хоногтоо арилна. Хүүхдүүд тариулсан газраа оролдохгүй, маажихгүй байх ёстой. Мөн дулаан хувцаслаж, дааруулахгүй байх шаардлагатай гэлээ.
Дархлаажуулалт 10 хоног үргэлжлэх бөгөөд жирэмсэн эхчүүд өнөө маргаашдаа багтаж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Мөн эцэг эхчүүд 2-11 насны хүүхдүүдээ Өрхийн эрүүл мэндийн төвд авч очиж, томуугийн вакцин хийлгэхийг уриаллаа.