Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж олон нийтэд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг таниулах, дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.
Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галларейн уран бүтээлчидтэй хамтран есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон Улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.
Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч бөгөөд нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээл нь дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгогдон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулагдсан бүтээл юм.