Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр чуулганаар яригдаж буй асуудал болон шатахууны нийлүүлэлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүн НҮБ-ын чуулганд биечлэн оролцоогүй. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байгаа нь оролцож байгаа нь ямар ач холбогдолтой вэ?
– НҮБ-ын чуулган 76 жилийн өмнөөс зохион байгуулагдаж байгаа. Түүхэндээ нэг удаа буюу өнгөрсөн жил цар тахлын үеэр цахим хэлбэрээр явагдсан. Бусад 75 чуулганд Монгол Улс оролцож байсан. Дөрвөн жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд биечлэн оролцож байгаа нь чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн чуулганд 109 орны төр, засгийн тэргүүн биечилж оролцож байна. Эндээс харахад дэлхий даяараа КОВИД цар тахалтай тэмцэх, сорилтуудыг даван туулах, туршлагаа хуваалцах чухал цаг үед улс, орны төрийн тэргүүнүүд бүгд ирэхийг эрмэлзэж байгаа нь харагдаж байна.
Чуулганд оролцогчид өөрийн улс оронд тулгамдаж буй асуудлыг ярилцан хэрхэн даван туулахаар авч хэрэгжүүлж буй бодлогыг ярьсан нь чухал байлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гуттереш илтгэлдээ дэлхий даяараа засаглалыг сайжруулах, бие биенийгээ ойлгож, хамтарч ажиллах, боловсролын ялгааг арилгах, дэлхий ертөнцтэйгээ хэрхэн харьцах үүний улмаас үүсэж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар улс, орон болгон идэвх санаачилгыг нэмэгдүүлэх уриалгыг гаргалаа.
Мөн КОВИД-ийн үеийн эдийн засгийг нэмэгдүүлэх сэдвийг хөндлөө. НҮБ олон улс орныг нэгтгэсэн, шинэ цаг үетэй нийцсэн бодлого шийдвэрийг зангидсан дундын зуучлалыг бий болгох ёстой. Тиймээс улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолсон.
Түүнчлэн вакцины хүртээмжтэй байдал чухал байна. Цахимжиж буй ертөнцөд эрсдэлүүд бийг хөндсөн. НҮБ-ын 76 дугаар чуулган долоо хоног үргэлжилнэ. НҮБ-ын чуулганд 130 орны Гадаад хэргийн сайд нар оролцож байгаа.
НҮБ-ын чуулган цаг зав, хугацааг хэмнэж байгаа. Энэ үеэр улс орнуудад тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж байна.
Миний хувьд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын болон ардчиллын хамтын нийгэмлэгийн сайд нарын түвшний уулзалтуудад орсон.
Айлчлал хийхээс илүү энэхүү чуулганы үеэр асуудлаа ярих нь чухал. Цар тахлын үеэр ажиллаж буй гадаад бодлогын талаар туршлага солилцох, Засгийн газрын бодлого шийдвэр, вакцины бодлого, кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлаар санал солилцсон нь үр дүнтэй байна гэж бодож байна.
НҮБ-ын гишүүн 193 орны 30 нь эмэгтэй гадаад хэргийн сайдтай. Эмэгтэй сайд нарын уулзалт болно.
– Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс хэлсэн үгэндээ Транзит Монгол болно гэсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?
– Геополитикийн асуудал сонирхолтой байгаа. Улс орон бүрийн Ерөнхийлөгч нараас Монгол Улс хоёр хөрш орны дунд харилцааны тэнцвэрийг хадгалж байгаа болон худалдааны эргэлт нь аль талдаа илүү, ямар бодлого барьж буй талаар асууж байсан.
Бид эдийн засгийн коридор байгуулах, хоёр хөрштэйгээ хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс өвөрмөц байршилтай давуу талаа ашиглаад транзит болно гэдэг бодлогоо Ерөнхийлөгч танилцуулсан.
-НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он хүртэлх нэг тэрбум мод тарих Монгол Улсын төрөөс зарласан уриалгын талаар тодруулж өгөөч.
– COP26 буюу уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн хамгийн том хурал Глазгоу хотод 11 дүгээр сарын 2-4-ний хооронд болно.
Энэ хурлаар улс орон бүр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой амлалтууд өгөх, өгсөн амлалтаа дээшлүүлэх талаар ярилцана. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өгсөн амлалтаа нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Энэхүү хуралд манай улс оролцоно.
Шар шороон шуурга болон цөлжилтийн эсрэг уриалга дэвшүүлж байгаа. Шар шороон шуурга Монголоос БНХАУ, Япон, БНСУ-ыг өнгөрөөд Калифорни хүртэл явж байна. Үүнийг зогсоох нь олон улс оронд адил ач холбогдолтой юм.
Дэлхийн улс орнуудад хамааралтай чухал асуудал учир хэрхэн хамтарч ажиллах, туршлага солилцох талаар өндөр түвшний хурал болно.
– НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хөрш хоёр орны Гадаад хэргийн сайд нартай уулзах уу?
-Одоогийн байдлаар Кувейт, Эмират, Катар зэрэг найман улсын сайдтай уулзалт хийсэн. Маргааш уулзалт үргэлжилнэ. Хөрш хоёр орны Гадаад хэргийн сайдтай саяхан уулзсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-д ирж байгаа. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд хараахан ирж амжаагүй байна.
-Улаанбаатарт шатахуун, эрчим хүчний асуудал үүсээд байгаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай энэ талаар ярих уу?
– Дэлхий нийтэд логистикийн асуудлууд байна. ОХУ тавдугаар сараас хойш дотооддоо шатахууны нөөц бага, КОВИД-ын улмаас олборлолт буурч байгаа. Зөвхөн Монгол бус шатахуун экспортолдог бүх улсад хязгаар тавьж байгаагаа мэдэгдсэн. Энэ асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар хариуцдаг. Шатахуун импортолдог хувийн хэвшлийн ААН-үүд нийлүүлэлтийн гэрээгээ хийсэн хугацаандаа ирж чадахгүй, нийлүүлэгдсэн ч бага хэмжээгээр өгч буй асуудлууд байна. Гэхдээ тасдлаагүй, тодорхой хэмжээнд байнга нийлүүлэхийг хичээж байгаа.
Ойрын үед тодорхой хэмжээний шатахуун яаралтай нийлүүлэхээ ОХУ-ын талаас мэдэгдсэн. Ерөнхий сайд хоёр хөршийн Элчин сайдтай өчигдөр уулзсан. ОХУ болон Бээжинд суугаа Элчин сайдууд идэвхтэй ажиллаж байна. БНХАУ-ын “Петро Чайна компани гэрээний дагуу шатахуунаа өгнө. Гэхдээ дэлхийн бүх улсын ачаа Тяньжин дээр бөөгнөрч байгаа. Тяньжинаас Монгол руу өдөрт явж байгаа галт тэрэгний тоог нэмэгдүүлнэ” гэдэг мэдээг өнөөдөр өглөө Бээжингээс авлаа. Ойрын үед буюу есдүгээр сард багтаагаад 200 вагон явуулна гэсэн. Хуурай замын бүх боомтод КОВИД-19-ийн эсрэг журам нь ижил үйлчилдэг. Боомтуудад коронавирусийн халдварын нэг эерэг тохиолдол гарахад Хятад хилээ 14 хоног хаадаг журамтай. Манай улсад харин ч зөөлөн хандаж, халдвар илэрсэн тохиолдолд нэг, хоёр хоног хилээ хаагаад нээж буйд нь талархах ёстой. Бид өөрсдөө дотооддоо арга хэмжээгээ сайн авах хэрэгтэй. Халдвар гаргахгүй бол Хятад улс нүүрс, ачаа бараа авъя гэж байгаа.