Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.
Энэ үеэр “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллайд 60 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны батламж гардууллаа.
“Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, жүдоч Сайед Моллай “Бүх монголчууддаа мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдөр олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдад баяр хүргэж, хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхий сайд болон Монголын ард түмэнд баярлалаа. Мөн Ерөнхийлөгчид баярлалаа.
Олон хоногийн өмнө ” Сайед Моллай Герман улсын иргэншил авах гэж байна” гэсэн худал мэдээлэл тархсан тухай би сонссон. Үүнийг үгүйсгэж байна.
Би Монгол Улсын паспорттай. Би бол Сайед Моллай. Монгол улсын иргэн. Энэ медаль бол Монголын ард түмнийх. Тийм учраас Монголын ард түмэнд хандан худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хэлье. Би бол Монгол Улсын иргэн. Би Монголын ард түмэнд хайртай.
Би Герман улс руу үе үе явж, бэлтгэл хийдэг. Гэхдээ би Монгол Улсын иргэн. Худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хүсэж байна. Намайг байнга дэмжиж, эрч хүч хайрладаг Монголын ард түмэнд баярлалаа.
Би удахгүй бэлтгэлдээ орж, “Парис-2024” олимпд оролцон, монголчууддаа илүү их амжилтаар бэлэг барихыг хүсэж байна.
Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоо, ноён Х.Баттулга болон Монголын үндэсний олимпын хороонд дахин талархал илэрхийлж байна.
Олимпд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад байр олгосонд баяртай байна.
Одоогоор би зочид буудалд байрлаж байгаа. Цаашид зочид буудалд байрлах шаардлагагүй болсондоо баяртай байна.
Ойрын зорилго гэвэл “Гранд слам”-д оролцож магадгүй. Германд байх хугацаандаа Бундеслигт барилдаж байгаа. Хуруундаа бага зэргийн бэртэл авсан.Бэлтгэлээ дахин эхлүүлж, ирэх жил Азийн наадам, ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жилүүдэд болох тэмцээн Монголын спортод маш чухал тул би сайн бэлтгэх ёстой. Хичээнэ ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.