Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд засгийн газрын мөнгөн шагнал, батламжийг гардуулсан бол өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад “Токио-2020″паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Моллай, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцлоо.
“Токио-2020” Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяагийн хувьд ДАШТ-д оролцохоор Норвегийн Осло хотыг зорьсон байлаа.
Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлэхдээ“Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадмын бэлтгэл ажилд БТСУХ спорт холбоодоо дэмжин ажиллаж, хамтдаа Монгол Улсын Төрийн дууллыг олимпын тэнгэрт олон удаа эгшиглүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе” гэж онцоллоо.