“Эрдэнэс Тавантолгой” ХК “Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих” зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод тарихыг зорьж байгаа аж.
Энэ төлөвлөгөөний талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.
-Та бүхэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хангай болон говийн нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аян хэзээнээс эхлэх вэ, модоо яг хаана хаана тарих вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2021 оны гуравдугаар сарын 9-нд компанийн дунд хугацааны А6-20 бизнес төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөө эдийн засаг, бизнес, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин гээд бүхий л асуудлыг тусгасан цогц төлөвлөгөө юм. Төлөвлөгөөний хүрээнд “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг батлуулсан байдаг. Хөтөлбөрийн судалгааг хоёр жил орчим хийсэн. Ингэхдээ дендрологийн чиглэлээр судалгаа явуулдаг судлаачид, ХААИС-ийн багш, эрдэмтэд, Хөт хотын ХААИС-ийн эрдэмтэдьэй хамтарч, хоёр жилийн турш маш идэвхтэй, хариуцлагатайгаар судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд нэлээд олон газраас хөрсний дээж авч, БНХАУ руу явуулж шинжлүүлсэн. Хаана ямар төрлийн мод, бутлаг ургамал тарьж болох талаар судалсан гэсэн үг. Энэ хүрээнд ямар төрлийн арчилгаа хийж, хэдий хэмжээний зардал гарах вэ гэдгийг тогтоогоод, “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгасан. Энэ бизнес төлөвлөгөөг 2022 оноос хэрэгжүүлнэ. Бид ирэх сарын 15-нд 2022 оны төсвийн төслөө ТУЗ-д танилцуулах гэж байна.
-“Сая тонн-Сая мод” төсөл 2030 он хүртэл хэрэгжих юм байна. Мод тарих амархан, арчлах нь хэцүү гэдэг шүү дээ. Төслөө хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр ямар төлөвлөгөө гаргасан бэ?
-Эхний ээлжинд “Сая тонн – Сая мод” төслийн 50 хувийг хариуцаж ажиллахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой ДЦС, Тавантолгой түлш, олборлогч, гэрээт компаниуд хамтраад 87 сая модыг 2030 он гэхэд тарьж дуусахаар төлөвлөсөн. 2030 он гэхэд 950 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болно. Тиймээс тодорхой хуваарийн дагуу дараагийн ажлаа зохион байгуулна. Мод үржүүлгийн төв байгуулна. Жилд 25 сая үржүүлгийн мод шаардлагатай юм билээ. Ингэхдээ олборлолтын улмаас сүйдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй говь болон хангайн бүсийн нутгаар модоо суулгана. Манай 2 сая 512 мянган хувьцаа эзэмшигч бол Монгол Улсын бүхий л нутаг дэвсгэрт байдаг. Хувьцаа эзэмшигч болон төрийн байгууллагын оролцоотой үүнийг зохион байгуулна гэсэн тооцоотой байгаа. Байгаль орчны чиглэлээр гарсан бодлогын бичиг баримтад нэг суулгац ургуулж тарих зардал нь 22 мянган төгрөг байхаар тогтоосон юм билээ. Ингээд бид жилд 25 сая мод тарина гэж тооцоход 78 тэрбум төгрөг шаардлагатай.
-Эхний ээлжийн 87 сая модыг хаана тарих вэ?
-Нэг мод гэхээс илүү модлог, бутлаг бүтээгдэхүүнд анхаарна. Үүний 80 хувийг хангайн бүсийн болон хангай говь хосолсон Дорноговь, Өмнөговь зэрэг аймгуудад тарина. Үлдсэн 20 хувийг говийн бүс болох Өмнөговь, Дорноговь зэрэг нутгаар тарина.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу