Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Vitality Running World Cup 9-р сарын 21 нээс 10-р сарын 10 ны хооронд зохиогдож байгаа билээ. 3 үе шаттай зохиогддог уг тэмцээнд Дэлхийн 242 улс оролцсоноос Монгол улс 3-р байрт шалгарч Дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Монгол улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс 850 гаруй гүйгчид нэгдэж хувь нэмрээ оруулсан. Хагас шигшээ шат буюу 2-р үед дэлхийн 242 улсын 100,000 гаруй гүйгчид оролцож 2.8 сая км замыг туулсан байна. Оролцож байгаа улс тус бүр нэг багийн ахлагчтай байдаг. Жишээлбэл: Ямайка улсын багийн ахлагч Usain Bold, Англи улсын багийн ахлагч Dame Jessica Ennis-Hill, Өмнөд Африкийн багийн ахлагч Wayde van Niekerk зэрэг алдартай тамирчид сонгогджээ.
Vitality Running World Cup тэмцээний Монгол улсын багийн ахлагчаар Дэлхийн Монголчуудын Гүйлтийн Суваг MGL Running Channel-н үүсгэн байгуулагч У.Ганзориг сонгогдож, албан ёсны зохион байгуулагчаар MGL Running Channel ажиллаж байгаа бөгөөд улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалж “Team Mongolia Run As One Nation” буюу “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!” нэртэй баг бүрдүүлэн оролцож байна.
Мөн тэмцээнийг 21 аймаг 9 дүүрэгт сурталчлан таниулах тал дээр Биеийн тамир, спортын улсын хороо дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулж байна.
Тус тэмцээний сүүлийн шатанд Өмнөд Африк, Намиб, Монгол, Англи зэрэг 4 улс шалгарч 10-р сарын 5-10 ны хооронд Дэлхийн аваргын цомын эзэн болохын төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүмүүс оролцоход нээлттэй. Тэмцээний гол шалгуур нь оролцогчид 3 км зайг 30 минутад багтаж туулсан байх шаардлага тавьдаг. Тиймээс ямар ч гүйгчдийн хувьд боломжтой үзүүлэлт бөгөөд эхлэн гүйгчдэд хүртэл бололцоотой тул та бүхнийг аль болох найз нөхөд гэр бүлийн хамт өөрсдийн боломжоороо гүйж эх орныхоо нэрийг гаргахын төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Оролцогчдын хувьд Running World Cup апп-д заавал бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд гүйх үедээ Strava, adidas Running, Health App, Google Fit, FitBit, Garmin, Under Armour, Pacer зэрэг гүйлтийн aпп-ны аль нэгийг хэрэглэж Монгол улсын баг болох Team Mongolia Run As One Nation багт нэгдэнэ.
Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд оролцсоноор та Vitality Running World Cup зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэх бөгөөд таны гүйсэн 3 км тутамд 1 ширхэг хүүхдийн вакцин НҮБ-ын Хүүхдийн Сан-д хандивлагдах болно. Мөн дэлхийн бусад улс орнуудтай зөвхөн гүйлтээр өрсөлдөхөөс гадна Монгол улсын гадаад сурталчилгаа тэр дундаа Дэлхийд эх орноо гүйлтээр дамжуулан сурталчилж буй чухал ач холбогдолтой үйл хэрэг болж байна хэмээн тус тэмцээнийг зохион байгуулагчид онцлов.
Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Дэнк Фарм, ивээн тэтгэгчээр Ард Даатгал, ДАМО эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага, Nutrigold Mongolia зэрэг олон байгууллагууд, хувь хүмүүс дэмжин ажиллаж байна. Мөн Монголын бүх гүйлтийн клубүүд, олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь нэмрээ оруулан гүйж байгаа бүх гүйгчдийн дэмжлэг туслалцаатайгаар Монгол улсын баг Цахим гүйлтийн ДАШТ-ний шилдэг 4 улсын нэгээр шалгарч аваргын төлөө өрсөлдөх боломжтой болсон тухай Монгол улсын багийн ахлагч У.Ганзориг дурьдаж, дээрх байгууллагууд хувь хүмүүст талархаж буйгаа илэрхийллээ.