Коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явц ямар байна вэ?
-2021 оны хоёрдугаар сараас манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэн. Вакцинжуулалтын талаар дэвшүүлсэн зорилт бүрд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага шуурхай зохион байгуулалтад орж, иргэдийг дархлаажуулж байна. Өнгөрсөн тавдугаар сард хамгийн өндөр буюу суурин 120, явуулын 40 цэгээр 2310 ажилтан дархлаажуулалт хийж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь буюу 1.060.560 хүн бүрэн тундаа хамрагдаад байна. Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 5-ны хооронд өндөр байсан боловч одоо буурсан үзүүлэлт гарсан. Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны хооронд нэмэлт тунд 1220 хүн хамрагдсан байна. Тиймээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед дэлхий дахинд судлагдсан, бусад улс орон хэрэгжүүлж байгаа нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна. Ковидын халдвартай зэрэгцэн улирлын томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа. Томуугийн вакциныг бид аравдугаар сард эхлүүлдэг уламжлалтай. Гэсэн хэдий ч цар тахалтай холбоотойгоор есдүгээр сард 2-11 насны хүүхдүүдэд томуугийн вакцин хийсэн. Нийслэлийн хэмжээнд томуугийн вакцинжуулалт 94.4 хувьтай байгаа. Бид өнөөдрийн байдлаар 27 суурин цэгээр, хэвтрийн хүмүүс, олон ажилтантай албан байгууллагад явуулын байдлаар очиж дархлаажуулалтыг хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн долоо хоногт дархлаажуулалтыг эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаж, нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Нийгмийн даатгал төлдөггүй иргэдэд эмийн багц олгохгүй байна. Орны хүрэлцээ муу байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Бид вирусийн эсрэг эмчилгээний багцыг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан иргэдэд хүргэж байгаа. Мөн 500 гаруй эмийн сантай гэрээ хийн долоо хоног бүр эмийн нөөцийн мэдээллийг авч ажилладаг. Түүнээс гадна 24 цагийн болон уртасгасан цаг буюу 23:00 цаг хүртэл ажилладаг эмийн сангуудын байршлыг тогтоон, нийслэлийн цахим хуудсанд байршуулж, орон зайн мэдээллийн санд бүртгэн, хяналт тавин ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагууд ор дэлгэн ажиллахад бэлтгэл ажил хангадаг. Хүнд болон хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас ор дэлгэсэн байгууллагууд эмнэлгийн бус зориулалтын, оффисын зориулалтын өрөө тасалгаагаа суллан, ор дэлгэж, өвчтөнүүдийг эмчилж байна.
-Өдөрт нас барах иргэдийн тоо буурахгүй байна. Эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барах тохиолдол гарсаар байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар нас баралтын мэдээллийг гаргах, шалтгааныг тогтоох комисс Эрүүл мэндийн яаманд ажилладаг. Коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш гэрийн нас баралт 44 бүртгэгдээд байна. Гэрийн нас баралтын бага хувийг өвчний төгсгөлийн шатанд байгаа иргэд болон өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байх хүсэлтэй иргэд эзэлдэг. Өрхийн эрүүл мэндийн төвд 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл нэмэлт баг гарган ажиллуулж байна. Шинж тэмдэг илэрсэн болон өндөр эрсдэлтэй, жирэмсэн, архаг суурь өвчтэй иргэдийн ойрын хавьтлын шинжилгээг 5-6 дахь хоног дээр тандалтын баг очиж авч байгаа. Энэ бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу хийгдэж байгаа ажил. Тандалт, шуурхай, хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаа вирусийн халдварын үе шатнаас хамааран олон улсад батлагдсан дүрэм, журмын дагуу явж байгаа. Тухайн халдварын тохиолдлын үе шатанд тохируулан Эрүүл мэндийн яамнаас гаргасан тушаал, зааврын дагуу ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагад хандсан, эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай бүх хүнийг бид тандалт, шуурхай, хариу арга хэмжээний багаар дамжуулан 100 хувь хянадаг. Мөн жирэмсэн эхчүүдийг 100 хувь хянаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 239 резидэнт эмч ажиллуулах Эрүүл мэндийн сайдын тушаал бий. Үүний ирц 70 орчим хувьтай байна.
-Нийслэлийн хаяггүй, түр оршин суугаа иргэдэд хэрхэн үйлчилж байна вэ?
-Коронавирусийн хариу арга хэмжээний хүрээнд нийслэлд оршин суугаа иргэдийг нийслэлийн болон орон нутгийн хаягтай гэж ялгахгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа. Тухайн иргэн өөрийн оршин суугаа хаягийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчилгээ авах боломжтой. Тухайн өрхийн эрүүл мэндийн төв эмчилгээ хийх, хяналтдаа авах үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран бүх иргэнд үзүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагуудаас гэрийн хяналтад байгаа иргэдэд хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн ангиллаар эмийн багц хүргэж байгаа. Ямар эм байх вэ гэдэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны харьяа эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг, мэргэжлийн байгууллагаас чиглэл, заавар гаргасан. Энэ чиглэл, зааврын дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүд эм олгож байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай хамтран эмийн бөөний төв, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас зээлээр эм авах бололцоог хангасан санамж бичиг байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг эмээр таслахгүй байх арга хэмжээг авсан. Дэлхий дахинд ковидтой зэрэгцэн орших гэсэн концепц гарч байна. Коронавирусийн дельта хувилбар бол халдварлах чадвар өндөртэй. Цар тахлын тархалт өндөр байгаа ийм үед аж амьдралаа хэвийн явуулахад нийгмийн амьдралын өвөрмөц хэв маягийг сонгох хэрэгтэй болж байна. Иргэддээ хандаж хэлэхэд, та өдөрт олон ажил төлөвлөхгүй байж хөдөлгөөнөө хязгаарлах, олон хүн цугласан газраар орохгүй байхыг зөвлөе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад ажилласан Ажлын хэсэг монголчууд амны хаалтыг зүүж хэвшсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч амны хаалт зүүх буруу дадлууд байна. Тиймээс амны хаалтыг хоёр цаг тутамд, 5-6 хүн болон түүнээс дээш тооны хүнтэй уулзсан бол солих, гэрээсээ бусад газар амны хаалт зүүж хэвших хэрэгтэй байгаа юм. Иргэд ажлын хамт олноороо уулзахдаа ердийн амьдралын хэв маягаар амны хаалтгүй байх, эсвэл нэг амны хаалтыг удаан хугацаагаар хэрэглэж байна. Дэлхийн улс оронд иргэн хүн өөрийгөө халдваргүй гэдгийг илтгэх олон янзын арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, улаан өнгийн бугуйвч зүүж өөрийгөө халдваргүй гэдгийг бусдад мэдэгдэх зэрэг аргуудыг хэрэглэж байна. Тиймээс бид амны хаалтын өнгөөр энэ аргыг илэрхийлж болох юм гэсэн санааг дэвшүүлж байгаа юм.