ГССҮТ эвхдэг 15 ор авчээ

20131122110002-24Гэмтэл, согог судлалын үндэсний төв нийт 420 ортой ч энэ нь хүрэлцдэггүй байна. Ачаалал ихтэй үед орнуудынхаа дунд 18 эвхдэг ор байрлуулан, өвчтөнүүдээ хэвтүүлдэг. Ингээд ч болохгүй бол өвчтөнүүд нь хонгилд гудас дэвсээд хэвтдэг. Иймээс тус эмнэлгийнхэн өвчтөнүүдээ тасагт шилжүүлж чаддаггүй юм гэхэд хонгилд шалан дээр биш, орон дээр хэвтүүлэхээр зорьж, эвхдэг 15 ор авчээ. Энэ талаар тус төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Нарантуяагаас тодрууллаа.

 -Эвхдэг орнуудаа ямар тасагт тавих вэ?
-Хамгийн их ачаалалтай насанд хүрэгчид, гавал тархины, хавсарсан гэмтлийн тасагт тав таваар нь ашиглана. Уг нь насанд хүрэгчдийн тасаг 85, гавал тархины тасаг 30, хавсарсан гэмтлийн тасаг 35 ортой. Гэтэл насанд хүрэгчдийн тасагт л гэхэд өдөрт 100-110 хүн хэвтэн эмчлүүлдэг. Хонгилд хүн хэвтүүлэх стандарт байдаггүй ч хэвтүүлэхгүй өдөр гэж байдаггүй. Хүнд өвчтэй хүн ирчихээд байхад ор байхгүй гээд буцаалтай биш. Яаж ийгээд л хэвтүүлдэг. Хонгилд эвхдэг ор л багтдаг юм. Ер нь бол бүх тасагт ор хэрэгтэй байгаа. Гэхдээ ор авъя гэхээр байрлуулах талбай байдаггүй.
-15 орныхоо мөнгийг хаанаас гаргасан бэ?
-Урьд нь захирлын тушаалаар зарим тасгийг төлбөртэй ажиллуулдаг байсан. Тэндээс үлдсэн мөнгөөр орнуудаа авсан.
-Эвхдэг ор ямар үнэтэй байдаг вэ?
-Загвар хийцээсээ шалтгаалаад 20-100 мянган төгрөгийн үнэтэй. Манайх хэдэн сар ашиглахаа бодож, 35 мянган төгрөгийн үнэтэйг нь авсан.
-Ирэх оны улсын төсөвт танай байр, орны тоог нэмэгдүүлэх хөрөнгө суусан уу?
-Суулгасан гэсэн. Эрүүл мэндийн яам яг юунд хэдэн төгрөг зарцуулахыг эцэслэн шийдээгүй учраас манайд хэдий хэмжээний хөрөнгө оногдох нь тодорхойгүй байна.
 Эх сурвалж: Монголньюс.мн

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …