Өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох хэргийг хэлэлцлээ. ТӨХ-ноос Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилгын өмчлөгчөөр тогтоолгор, уг барилгыг МАН-ын хууль буса эзэмшлээс албадан чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан юм. Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 12-нд хэлэлцэж 1963 оны Иргэний хуулийн 60, 63 дугаар зүйлүүдэд зааснаар ТӨХ-г В.И.Лениний музейн барилгын өмчлөгч болохыг тогтоож, 2002 оны Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт зааснаар тус музейн барилгыг чөлөөлж, ТӨХ-нд шилжүүлэхийг хариуцагч МАН-д үүрэг болгож шийдвэр гаргасан.
Нийслэлийн шүүх өнгөрсөн наймдугаар сарын 09-ны хянан хэлэлцэх хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Гэвч МАН-ын зүгээс дээрх шийдвэрүүдийг эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдол гаргасан билээ.
Тэгвэл өчигдрийн Улсын Дээд шүүхийн хуралдаанаар В.И.Лениний музейн барилгыг Төрийн өмч болохыг тогтоох нэхэмжлэл гаргасан байхад ТӨрийн өмчийн хороог уг эд хөрөнгийн өмчлөгч гэж хоёр шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, МАН-ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл