Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт үнэт эдлэл хулгайлсан хэргээр баривчлагдаж дөрөвт нь хорих ял оноохоор болоод байсан юм. Хонконгийн шүүх манай дөрвөн эмэгтэйд дөрвөн жил гурван сарын хорих ял оноосон байна. Тэдгээр эмэгтэйчүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдаад байсан юм. Шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 21-нд хуралдаж, арав гаруй хоногийн дараа шийдвэрээ гаргажээ. Шүүх хурлын шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газарт хэд хоногийн өмнө мэдээллийг ирүүлжээ. Энэ талаар Консулын газрын дарга Ш.Сүхбаатараас тодрууллаа.
-Хонконг үнэт эдлэл хулгайлсан хэргээр баривчлагдсан манай улсын иргэдэд хорих ял оноожээ. Дөрвөн эмэгтэй бүгдэд нь ижил төрлийн ял оноосон юм уу?
-Тийм. Дөрвөн эмэгтэйд дөрвөн жил гурван сарын хорих ял оноосон. Нэгийг нь гэм буруугүй гэж үзсэн.
-Суллагдсан нэг иргэн нь Монголдоо ирсэн үү?
-Ирээгүй байгаа. Удахгүй ирэх байх. Нэгэнт гэм буруугүй гэж шүүхээс үзсэн учраас эх орондоо ирэх асуудал нь нээлттэй.
-Хорих ял сонссон хүмүүст хууль зүйн тусламж үзүүлж байгаа юу. Гэр бүлийнхэн нь тэдэнтэй уулзалдаж байгаа болов уу?
-Зохих ёсны хууль зүйн тусламжийг үзүүлж байна. Зарим эмэгтэйчүүдийн ар гэрийнхэн нь шүүх хурлын үеэр очиж уулзсан.
-Нэгэнт хорих ял сонссон учраас тэднийг “Ялтан шилжүүлэх гэрээ”-гээр ч юм уу эх оронд нь шилжүүлэн авах боломж байгаа болов уу?
-Одоогоор энэ асуудлаар ярилцсан зүйл алга байна.
Шүүх хорих ял сонссон манай иргэд нь 20 гаруйхан настай залуу эмэгтэйчүүд ажээ. Хэргийн талаар сануулахад, Монгол иргэд нь энэ оны гуравдугаар сарын сүүлээр болсон Хонконгийн Олон улсын үзэсгэлэнгээс олон тооны үнэт эдлэл хулгайлж, үйлдэл дээрээ баригдсан юм. Манай иргэдийг шүүх хурал хэдэнтээ товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсоор ирсэн.
Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед их гарч байгааг цагдаагийн байгууллага мэдээлсэн. Монгол Улсын иргэд Хятад, Тайвань, Хонгконг зэрэг улсаас их хэмжээний шүр, сувд, байгалийн үнэт чулуун эдлэл хулгайлсан хэргүүд гарсан байна. Хонконгт гэхэд Монгол Улсын иргэн Д гэгч өнгөрсөн оны тавдугаар сард тус улсад болсон олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн танхимаас нийтдээ 19 ширхэг хэлхээ, 1396 грамм шүр хулгайлан, Монголд оруулж ирснийг Улсын мөрдөн байцаах газар илрүүлэн шалгаж байгаа юм. Сэжигтэн Д-г Хонконгийн шүүхээс хорих ял сонссон эмэгтэйчүүдтэй холбоотой эсэхийг Улсын мөрдөн байцаах газраас тодруулахад “Одоогоор холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна” гэдэг мэдээллийг өглөө.
Түүнчлэн БНХАУ-ын Шинжинь хотод зохион байгуулсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас 10 сая юань буюу 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий сувдан эдлэлийг манай улсын иргэн Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлж, Монгол Улсын хилээр хууль бусаар оруулан хадгалж байсныг УМБГ-ын ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 6480 грамм 3089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн нил чулуу буюу амитисыг эд мөрийн баримтаар хураан авч, Эрүүгийн хуулийн 145.4 буюу Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад Э.Мөнхбат нь өнгөрсөн жил Тайванийн Тайпей хотын үнэт эдлэлийн дэлгүүрээс шүрэн эдлэл хулгайлсан нь мөн тогтоогджээ. Ийнхүү Монгол Улсын иргэд Азийн зарим орнуудаас үнэт чулуун эдлэл хулгайлах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн иргэд нь тухайн улсадаа баригдаагүй эх орондоо ирсэн ч манай хуулийнхан нэхэн илрүүлсэн тохиолдол цөөнгүй гарсан байна.
Т.Амартүвшин Улс төрийн тойм сонин