Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
-Дорноговь аймгийн Улаан бадрах суманд уран олборлосноос болж иргэд цацраг идэвхит бодисонд хордож, төл ургийн гажигтай гарах болсон. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Энэ талаар иргэд буруу мэдээлэлтэй байгаа. Уран олборлоход хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Яг л Японы Фүкүшима шиг болно гэж бодоод байх юм. Үнэндээ тийм биш шүү дээ. Тэнд цөмийн цахилгаан станц байгуулснаас болж иргэд нь хордсон. Харин манайх цөмийн цахилгаан станц байгуулах гээгүй. Байгуулах шаардлага ч байхгүй. Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байхад цөмийн цахилгаан станц ямар хэрэгтэй юм бэ. Тэгэхээр уран олборлох нь тийм ч аюултай зүйл биш. Канад, Австрали, Орос, Казахстан гээд уранаа олборлоод хөгжиж байгаа олон орон байна шүү дээ. Манай орны хувьд дээрх орнуудтай адилхан том олборлогч орон болох боломжтой. Нөөц нь байгаа юм чинь олборлох л хэрэгтэй. Хамгийн гол нь аюултай, аюулгүй гэдэг нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэж байна уу үгүй юу гэдэгтээ байгаа юм. Манайх цөмийн эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг огтхон ч яриагүй. 2009 онд баталсан Цөмийн эрчим хүчний тухай хуульд олборлох, шар нунтаг ашиглах гээд заачихсан байгаа. Шар нунтаг нь ч хортой зүйл биш. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн зэсийг хүдрээр олборлож баяжмал гаргадагтай л адил. Тэгэхээр шар нунтаг гэдэг нь ураны хүдрийг олборлоод баяжуулах явцыг хэлж байгаа юм. Түүнээс биш цөмийн реактор ч юм уу цөмийн эрчим хүч үйлдвэрлэх асуудал ерөөсөө яриагүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Уран олборлох нь хор хөнөөлгүй гэлээ. Тэгвэл төл мал юунаас болж ургийн гажигтай төрөөд байна вэ?
-Дорноговь аймагт төл мал ургийн гажигтай төрсөн тохиолдол байгаа. Гэхдээ уран олборлосноос болоогүй. Ерөнхий сайдын захирамжийн дагуу үүнийг судлах ажлын хэсэг байгуулагдаж тус аймагт ажиласан. Ажлын хэсэгт Мэргэжлийн хяналт, Малын эрүүл мэндийн хүрээлэн, манай яам, Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаач гээд бүх талын албаны хүмүүс оролцож судалгаа хийсэн. Судалгааны дүнгээр уран олборлосноос болоогүй гэдэг нь ч батлагдсан. Ураны нөөц их газрын өвс, ургамалд селин гэх химийн хорт бодис агуулагддаг гэсэн. Үүнээс болсон байж болзошгүй гэж үзэж байгаа. Үүнийг судлах ажлын хэсгийг дахин байгуулсан. Би ажлын хэсэгт нь ороогүй болохоор энэ талын нарийн мэдээлэл алга.
-Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг тогтоож, хөнгөлөх талаар гаргасан шийдвэр хэр бодитой хэрэгжиж байна вэ?
-Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 21-ны өдрийн 326,327 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын гол зорилго нь усны үрэлгэн хэрэглээг өөрчилж, усны нөөцийг зүй зохистой, үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах зэрэг хэд хэдэн үндэслэлээр усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг бүс нутгийн онцлог, сав газар бүрээр тооцон тогтоосноороо ач холбогдолтой юм. Энэ шийдвэрийг уул уурхай, газар тариалан, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага дагаж мөрдөнө. Ирэх жилээс ус бохирдуулсны төлбөр гэсэн шинэ журмыг батална. Ингэснээр усыг зүй зохистой хэрэглэх хөшүүрэг нь болох юм.
-Уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар ямар ажлыг хийж байна. Уул уурхайгаас болж сүйдсэн хэчнээн хэмжээний га талбай байна вэ?
-2011 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас 20 мянга гаруй га талбай эвдрэлд орсон байдаг. Үүний 4600 гаруй га газарт техникийн нөхөн сэргээлт, 4587 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн. Жил бүрийн нөхөн сэргээлтийг тухайн жилийн олборлолтод өртсөн газартай харьцуулж үзэхэд 80 орчим хувь нь байна. БОНХЯ ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хохиролгүй явуулах хөтөлбөр баталсан байгаа. Энэ хөтөлбөр дээр юу гэж тусгасан тэрнийхээ дагуу л хяналт тавина. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй технологиор үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайд гүйцээж нөхөн сэргээлт хийх гэх мэт хэд хэдэн зүйлийг тусгасан.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Эдгээр хуулийг юуны учир шинэчлэх шаардлагатай гэж үзсэн бэ?
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд, Орчны бүсийн тухай хууль нь 1997 онд батлагдсан байдаг. Яагаад шинэчлэх шаардлагатай гэж үзсэн бэ гэхээр энэ хоёр хуульд зөрчил байгаагийн зэрэгцээ байгаль орчны багц хуулиудтай нийцээгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Тухайлбал, хамгаалалтын үйл ажиллагаанд иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын хамтын оролцоо гэж байдаггүй. Энэ талаарх эрх зүйн орчин ч бүрдээгүй. Түүнчлэн хамгаалалтын захиргаадын болон орон нутгийн байгууллагын хоорондын уялдаа холбоо хангалтгүй зэрэг нь нөлөөлсөн. Энэ мэт олон зүйлсийг үндэслэн ТХГН-ийн тухай, ТХГН-ийн орчны бүсийн тухай хуулийг нэгтгэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинээр боловсруулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалалтын захиргаа дангаараа эзэмшдэг байсан бол шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд олон талын хамтын менежмент гэсэн ухагдахууныг оруулж өгч байгаагаараа давуу талтай. Үүний хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн аймаг, сумд иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамгаалалтын захиргаадын 300 гаруй төлөөлөл оролцсон чуулганыг ирэх сарын 1-нд зохион байгуулах гэж байна.
-Төмөр замын дэрийг модоор хийхийг, идлэг шонхор шувууг экспортлох, мөн импортоор орж ирдэг мод, модон бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн. Энэ бүхнийг иргэд хэр хүлээж авч байна вэ?
-Төмөр замын дэр мод үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэхийг таван жилийн хугацаатай хориглосон. Дэр мод хийхэд хамгийн залуу мод ашигладаг. Мөн эрчим хүчний шонгийн мод бэлтгэхийг зогсоох ажлыг ирэх жилээс эхлүүлнэ. Эдгээрийг бетоноор орлуулж хийхээр болсон. Энэ шийдвэрийг гаргаснаар жилд 40 мянган шоо метр нойтон мод хэмнэнэ. Модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ гурав дахин их байдаг. Тиймээс модон эдлэлийн импортыг нэмэгдүүлэхийг татвараар дэмжих бодлого баримталж байна. Ховордсон ан амьтан, ой модоо хамгаалсан ажил болохоор энэ бүхэнд иргэд ам сайтай байлгүй яахав. Идлэг шонхрын тухайд ан агнаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь буруу гэж манай яам үзсэн. Гаднын анчдад зөвшөөрөл олгож улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байсан. Тухайлбал, идлэг шонхор шувууны экспортоос жилд гурван тэрбум төгрөгийн ашиг олж байсан шүү дээ. Тиймээс идлэг шонхрыг хилээр гаргахыг мөн л таван жилээр хориглосон. Өнгөрсөн жилүүдэд 50-70 угалз, 300 орчим тэх агнуулах зөвшөөрөл олгодог байсныг хоёр дахин цөөлсөн. Богдхан уулын Дархан цаазат газар, Горхи Тэрэлж, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах зөвшөөрөл олгохыг түр зогсоосон байгаа. Манай улс 1957 оноос хойш ойгоо тоолоогүй. Тиймээс 2014 онд тоолохоор төлөвлөж байна.
-Туул голын эрэг орчмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын лицензийг хэзээ цуцлах вэ?
-Өнөөдрийн байдлаар Туул голын эргийн дагуу 84 компани элс, хайрга, карьерын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Гэхдээ эдгээрийн 34-ийнх нь үйл ажиллагааг зогсоосон. Ашигт малтмалын газарт үйл ажиллагааг нь зогсоох албан бичгийг ч хүргүүлсэн. Үлдсэн 50 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ч лицензийг нь цуцлаагүй байна. Манай яамны зүгээс шинээр нэг ч зөвшөөрөл олгоогүй гэдгийг албан ёсоор хэлье.