УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн билээ. Нэр бүхий гишүүдийн өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн уг төслөөр эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс прокурорт буцаадаг, эсвэл дахин хэлэлцүүлэхээр болдог зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгаад буй юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Алтангэрэлээс дээрх хуульд оруулахаар хэлэлцэж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.
Б.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүхээс хэрэг буцаадгийг болиулна хэмээж буй. Ийм боломж бий юү?
-Б.Энхбаяр гишүүний санаачилсан хуулийн төслийг шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаадаг явдлыг таслан зогсоох зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж байгаад шүүгчээс прокурорт үүрэг өгч 30 хоногийн хугацаанд шүүгдэгчид оногдуулсан зүйл хэсгийг хүндрүүлэх, тэдний гаргаж өгсөн баримт, хүсэлтийг шийдвэрлэх гэсэн зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байна гэж ойлгосон. Шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаадаг явдлыг зогсоох нь зөв гэж би хувьдаа боддог. Гэхдээ хэргийг буцаахгүй гээд хуулийнхаа үзэл баримтлалыг зөрчиж болохгүй гэж бодож байна. Учир нь гэмт хэрэг гарсан, эсэх, гэмт хэргийг үйлдсэн этгээдийг тогтоохын тулд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нотлох баримтыг бүрдүүлдэг. Харин шүүх зөвхөн яллагчид үүрэг чиглэл өгч, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж болохгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд шүүгч идэвхгүй байр суурьтай оролцож, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоодог гол үзэл баримтлалыг зөрчсөн үйлдэл болно гэж бодож байна.
Уг нь 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг батлахдаа ийм санаа оруулж байсан нь яагаад үгүй болсон юм бэ?
-2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн гэм буруугийн хуралдаанаас хэргийг буцаадаг байсныг болиулсан. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гэм буруугийн хуралдаанаас болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаадаг өөрчлөлтийг 2019 онд хуульд оруулсан байдаг. Уг нь анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг давж заалдах болон хяналтын шатны шүүх хүндрүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт Цэц гаргасан байсан.
Хэрэв шүүхээс хэрэг буцаахгүй болбол бүх хэргийг шүүхээр хэлэлцэж байж хэрэгсэхгүй болгох боломж бүрдэх үү?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор цугларсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргахдаа хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. Хэдийгээр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох эрхтэй боловч энэ шийдвэр эцсийн бөгөөд өөрчлөх боломжгүй гэж ойлгож болохгүй. Хуульд заасан үндэслэлүүд болох оролцогчийн гомдол, мөрдөгчийн санал зэрэгт үндэслэн дээд шатны прокурор тухайн шийдвэр гаргасан прокурорын шийдвэрийн үндэслэлтэй, эсэхийг холбогдох хэргийг хянах замаар давхар нягталдаг. Мөн тухайн шийдвэр гаргасан прокурорын дээд шатны прокурор болох нэгжийн ерөнхий прокурорын шийдвэрийг дээд шатны прокурорын газраас мөн хуульд заасан үндэслэлээр бас хянадаг хуулийн зохицуулалттай. Тэгэхээр шийдвэр нь буруу тохиолдолд засагдах бүрэн боломжтой гэж ойлгох хэрэгтэй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу