Нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэж буй байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Захирамжийн дагуу тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсныг хүчингүй болгож, пүрэв, баасан, бямба гарагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 03:00 цаг хүртэл үйлчлэх зөвшөөрөл олгожээ. Хамгийн гол нь 00:00 цаг гэхэд шөнийн цэнгээний газрууд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байх ёстой аж. Харин долоо хоногийн бусад өдрүүдэд 15:00-00:00 гэсэн хуваарийн дагуу ажиллах юм байна. Хэрэв дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Мөн Засаг даргын шинэ захирамжийн дагуу 24 цагийн түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд гэж байхгүй болсон бөгөөд эдгээр түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд өглөө 07:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл үйл ажиллагаа эрхлэх ёстой болсон байна.
Бусад үйлчилгээний газруудын хувьд:
- Нийтийн үйлчилгээтэй цайны газар өвлийн улиралд 09:00-20:00 цаг, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллана.
- Хүнсний мухлагууд өвлийн улиралд 09:00-22:00, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллаана.
- Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд өвөл 10:00-20:00, зун 09:00-21:00 хүртэл ажиллаана.
- Албан газруудын дэргэдэх цайны газрууд байгууллагын ажиллах цагийн хуваарьт зохицож үйл ажиллагаагаа явуулана.
- Банк, эмийн сан, шатахуун түгээх станцуудын хувьд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно. Ингэхдээ нэгдсэн нэг төрлийн эмблем, хаягтай байх ёстой.
Дээрхи цагийн хуваарь 6-р сарын 2-ны өдөр буюу өчигдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа ажээ.
Г.Сонор http://www.ugluu.mn/4682.html