Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд болон Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болголоо.
Хэрэглээний үнийн сагсыг бүрдүүлдэг 185 бүтээгдэхүүний 78 хувийг Эрээн-Замын-Үүд боомтоор импортолдог. Эрээн-Замын-Үүд автозамын боомтоор нэвтрэх хүнсний импортын ачаа тээвэр 7-30 хоног доголдоход инфляц 0.4-1.1 нэгжээр өсөх, төсвийн орлого 15-60 тэрбум төгрөгөөр буурах, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3-7.1 хувь өсөхөөр байна.
Хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан бөгөөд Эрээн хотод тогтоосон хязгаарлалтын бүсийн гадна байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг төмөр зам болон бусад автозамын боомтоор нэн яаралтай татан авах зохицуулалтыг хийж байгаа ажээ.