Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болоод үнийг тогтворжуулах чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Дотоодын махны хангамжийг нэмэгдүүлнэ
Энэ жилийн хувьд импортлогч орны нөлөө, ковидын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны үнийг тогтвортой байлгах төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай боллоо. Тиймээс дотоодын махны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ. Ковидын хүнд нөхцөлд ард иргэдэд ирж буй үнийн дарамт, хүнсний бүтээгдэхүүн хомстох болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд Засгийн газар хэд хэдэн урьдчилсан арга хэмжээ авч байгааг салбарын сайд З.Мэндсайхан онцоллоо.
Засгийн газар энэ жилийн ургацаас илүү гарч буй стандартын шаардлага хангасан улаанбуудайг худалдан авна
Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай хураан авах төлөв гарсан. Өнөөдрийн байдлаар 340.7 мянган га-гаас 507.5 мянган тонн үр тариа, үүнээс 322.4 мянган га-гаас 482.6 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 84.6 хувьтай үргэлжилж байна.
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор гурилын үнэ, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, энэ жил тариалалт нэмэгдсэн учир гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайн илүүдэл гарч байгаа. Тиймээс 100-150 мянган тонн гурилын үйлдвэрлэлд тэнцэх, стандартын шаардлага хангасан улаанбуудайг Засгийн газар эх үүсвэр гаргаж, худалдаж авахаар болжээ. Түүнчлэн гурилын үнийг тогтвортой байлгах, үнийн ачааллыг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр яаралтай судалж, шийдэл гаргахыг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд үүрэг болгосон байна.
Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг нөат-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотооддоо ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болжээ. Түүнчлэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортлоход үүсээд байгаа тээврийн асуудлыг Гадаад харилцааны яам, Зам тээврийн яамтай хамтран шийдвэрлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар захиалгаа өгөөд татан авахад бэлэн 190 орчим хүнсний вагон ачаа байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай, үе шаттайгаар оруулж ирэх, хангамжийг хэвийн байлгах, нөөц бүрдүүлэхэд анхаарна гэв.
Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний татан авалтыг шуурхайлна
Манай улсад нарийн ногоо хомстож байгаа нь Эрээн хотод гарсан ковидын нөхцөл байдалтай холбоотой. Тиймээс хадгалалтын хугацаа богино, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хурдан хугацаанд татан авах чиглэлээр онцгойлон анхаарахаар боллоо.
Дээрх шийдвэрүүд нь ковидын хүнд нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцыг тогтвортой байлгах, хангамжийг бүрдүүлэх, иргэдэд ирэх үнийн дарамтыг бууруулах зорилготойг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тодотгосон юм.