Ч.Номин:Соёлын салбарын төсөв ДНБ-ий 0.5 хувийг эзэлж байна

Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнөөдөр сэтгүүлчдэд соёлын салбарын 2022 оны төсвийн төслийн талаар мэдээлэл өглөө.

Соёлын сайд Ч.Номин уулзалтын эхэнд “Соёлын салбарын 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн гүйцэтгэл, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг эхлүүлэх зэрэг төсвийн зарчмыг баримталж байгаа.

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй санхүүжилтийн шинэчлэлийн хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд соёлын байгууллагуудад санхүүгийн эрх чөлөө, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, гүйцэтгэл үр дүнд суурилсан хосолсон санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гээд соёлын салбарын 2022 оны төсвийн төслийг танилцуулав.

Төсвийн танилцуулгын дараа Соёлын сайд Ч.Номин сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Төсвийн талаар:

2021 онд Соёлын яам төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардлыг хэмнэх чиглэлээр ажиллаж, 2021 оны төсвийн тодотголоор 11.2 тэрбум төгрөг эргэн татуулж, өнөөдрийн байдлаар 35 хувийн хэмнэлттэй ажиллаж байна.

  • Харин 2022 оны төсвийн төсөлд соёлын салбарт 263.3 тэрбум төгрөг суулгасан. Үүнээс:
    • 116.9 тэрбум нь урсгал төсөв
    • 148.3 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын төсөв байна.

Соёлын салбарын ирэх оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 хувийг эзэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар соёлын салбарт нийт 521.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 96 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр хүлээгдэж байгаагаас 148.3 тэрбум төгрөгийн төслийг ирэх онд хэрэгжүүлэх саналтай байгаа юм. Эдгээр төслийн дийлэнх нь он дамжин хэрэгжих бөгөөд Соёлын яам өмнө нь эхэлсэн төсөл арга хэмжээг дуусгахад түлхүү анхаарч байна.

Харин шинээр туссан музей, номын сан зэрэг 32 шинэ төслийг аймаг орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төсвийн төсөлд тусгасан бөгөөд энэ нь орон нутгийн иргэдэд соёлыг тэгш хүртээмжтэй хүргэх төрөөс хийх ёстой хүн амын хөрөнгө оруулалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …