Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.
Соёлын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Умард Осетийн Улсын эрдмийн бүжгийн “Алан” чуулга, Кубаний казакуудын найрал дуу, бүжгийн чуулгын хамт олон манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний хамтарсан тоглолтыг ОХУ-ын Холбооны улсын төсвийн соёлын байгууллага “Росконцерт” зохион байгуулсан юм.
Хүндэтгэлийн тоглолтын өмнө Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Хойд Осетийн Соёлын сайд Кубалов Таймуразовичтой уулзаж, соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Мөн Соёлын сайд Ч.Номин Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг нээж,“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид Та бүхэнд энэ оройн мэндийг хүргэж, Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье. Монгол Улсын хувьд ОХУ бол зөвхөн хил хязгаараар холбоотой гэхээс илүүтэй хүн ардын халуун дотно уламжлалт харилцаатай, оюун санаа, соёлын хувьд ойр дотно, онцгой харилцаатай улс орон билээ.
Соёлын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирсэн нь хоёр улсын харилцааны хөгжилд гар бие оролцож, оюун ухаанаа зориулж ирсэн үе үеийн соёл урлагийн зүтгэлтнүүдийн нөр их хүчин чармайлтын үр дүн билээ. Тиймээс миний бие энэ үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хоёр улсын ард иргэдийн хүндэт төлөөлөл болох та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Өнөөдөр болж буй энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын болон Соёлын яамны нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярын халуун мэндийг дахин дэвшүүлье” гэлээ.