2021 оны Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ 10 сарын 25-наас 11 сарын 6-ны өдрүүдэд Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан.
Тус тэмцээнд МБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцож, МБХ-ны гадаад харилцааг тэлж, өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт хийсэн билээ.
МБХ-ны хувьд ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевтэй уулзалт зохион байгуулж, Монгол улсад айлчлахыг урьсан. ОУБХ-ны ерөнхийлөгч МБХ-ны урилгыг хүлээн авч, өнөөдөр манай улсад хүрэлцэн ирэх гэж байна. Тэрээр 19 цаг 40 минутад “Чингис хаан” нисэх онгоцны буудалд өөрийн зөвлөх болон ОУБХ-ны төлөөлөгчдийн хамт ирнэ.
Монгол улсад хоёр хоногийн хугацаатай айлчлах бөгөөд МБХ-ны удирдлагуудтай уулзалт зохион байгуулахаас гадна Маргааш буюу 11 сарын 12-ны өдөр “Ган” спорт төвд МБХ-ны баг тамирчдын бэлтгэлтэй танилцаж хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгнө.
Ташрамд сонирхуулахад, ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлевийн хувьд 2020 оны 12 сарын 12-ны өдөр ОУБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Түүний хувьд тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж буй юм. Энэ жилийн хувьд ДАШТ-ийг өндөр шагналын сантай зохион байгуулж чадсан юм.
ДАШТ-д жин тус бүрд түрүүлсэн тамирчин:
Алт-100.000 ам.доллар
Мөнгө-50.000 ам.доллар
Хүрэл-20.000 ам.доллар тус тус олгосон юм.