Зохиолч Эрин Моргенштернийн “Шөнийн цирк” романаас сэдэвлэсэн уншлагын театр, циркийн үзүүлбэрийн гайхамшгийг хослуулсан тоглолт Монголд анх удаа болох гэж байна.
Ид шидийн ертөнцөөр аялах мэт мэдрэмж төрүүлэх уг тоглолтод өгүүлэгч Н.Ялалт дэлхийн шилдэг нарны циркийн тайзнаа уригддаг А.Уранбилэг, Д.Лхагва-Очир, нарын монгол циркчин мөн илбэчин Ц.Баярсайхан нар оролцох юм.
Энэ сарын 26-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тавигдах “Шөнийн цирк”-ийг ердөө ганц удаа 250 хүнд зориулан тоглох гэнэ.
Энэхүү үдэш хүрэлцэн ирснээр тусгайлан бүрдүүлсэн орчинд адал явдалт романаар аялж, циркчилсэн шилдэг үзүүлбэрийг үзэж зүүдний ертөнцөд хөтлөгдөн аялах юм.
“Зүүдний цирк” тоглолтын санаачлагчаар А.Тэргэл, ерөнхий продюсероор Л.Базарсад, зөвлөх Р.Мөнхсайхан, ерөнхий найруулагчаар С.Туяацэцэг, гүйцэтгэх продюсероор Ц.Цэрэндолгор нар ажиллаж байна.
Ерөнхий байгуулагчаар “Бид театрт хайртай” ТББ ажиллана. Тус ТББ нь Г.Аюурзаны “Цасны роман”, Франц Кафкагийн “Хувирал” тууж, Пауло Коэльо “АЛХИМИЧ”зэрэг бүтээлийг онцолж уншлагын театрын тоглолтыг зохион байгуулж уншлагын театрын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан билээ.
Мөн хамтран зохион байгуулагчаар Wild horse ХХК, Улаанбаатар цирк, Улаанбаатар чуулга ажиллаж буй.
Сонирхуулахад “Уншлагын театр”-ыг найруулагчийн гэхээсээ илүүтэй зохиолчийн театр хэмээн тодотгодог. Энэ ч үүднээс үзэгчийг эрэл хийлгэх, тунгаан бодох, зохиолын логикийг хөөн бодох боломжуудыг олгодог гэдгээрээ онцлог.
Угтах хаалганаас эхлээд хөөсөн чихрээр үйлчилж, хүүхэлдэйн театрын уран бүтээлч, алиалагч нар өнгө өнгийн бөмбөлөг үлээж яг л хүүхэд насны галт тэрэгт суусан мэт мэдрэмж төрүүлэх аж.
Зүүдний цирк тоглолтын талаар “Улаанбаатар” чуулгын дарга, Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхсайхан “Уран уншлага, цирк хоёр нэгдэж тайзан дээр урлагийн шинэ хэлбэрийг бий болгож байна. Энэ бол урлагийн инновацийг харуулсан цоо шинэ уран бүтээл. Угаасаа ч урлаг олон жанрын нэгдэл болох тусмаа сонирхол татдаг. “Зүүдний цирк” тоглолтод дэлхийн шилдэг циркэд тоглодог завгүй уран бүтээлчдийг тоглолтдоо урин тоглуулж байгаадаа баяртай байна. Цар тахлын улмаас эх орондоо байж таарч байгаа нь бидний хувьд үзэгч та бүхний хувьд ч том олз юм. Танд ганцхан удаа урлагийн гайхамшигт хослолыг үзэх боломж танд олдож байна” гэсэн юм.