Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, Оросын Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Эрмитаж музейн “Капелла” болон Мариинский театрт тоглолоо.
Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид нэгдэн оролцож Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэсэн юм.
Морин хуурын чуулгынхан байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа амжилттай тоглолт хийж байсан бол Санкт-Петрбург, Эрмитаж музейн “Капелла” концертын танхимд хоёр дахь удаагаа, Мариинский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулсан нь энэ юм.