ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл Токиогийн олимпод улсаа төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө.
Энэ үеэр Олимпод оролцогчдын холбооны тэргүүн, олимпын аварга Э.Бадар-Ууган “Олимпын наадамд оролцоно гэдэг тамирчин бүрт олдоод байдаггүй ховорхон хувь тохиол. Олимпод оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад докторын зэрэг хамгаалсантай дүйх амжилт гэж олон улсад үздэг. Тиймээс та бүхэн олимпын наадамд оролцсондоо бахархаж яваарай. Олимпод оролцогчдын холбоо цаашид цөөнгүй ажил хийхээр төлөвлөж байгааг энэ ташрамд дуулгая” гэв
Олимпод оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй ҮОХ-дыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 100 мянга гаруй гишүүнтэй болжээ. Харин өдгөө Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэлж байна.
Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдгээ гардан авч, олон улсын холбоондоо бүртгэлтэй болох нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын холбоогоороо дамжуулан сургалт семинар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгмийн сайн сайхныг түгээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна.