Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 2021 оны шилдэг тамирчнаар тодорлоо

Монголын спортын салбарын оны шилдэг тамирчдыг шалгаруулдаг “Бөртэ чоно-2021” наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр /2021.12.13/ болж өндөрлөлөө.

“Бөртэ чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв.

“Бөртэ чоно-2021”цомын эзэд болсон шилдгүүдийг номинаци тус бүрээр нь танилцуулж байна.


ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – М.УРАНЦЭЦЭГ

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд 2021 он онцгой жил байлаа. Тэрбээр зургадугаар сард Будапешт хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль, “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль тус тус хүртсэн . Мөн Тбилиси, Ташкентийн Их дуулгад дараалан түрүүлсэн юм.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – Ц.ЦОГТБААТАР

“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар санал асуулгад тэргүүлж, шилдгийн шилдэг эрэгтэй тамирчны “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо. Тэрбээр нэг жилийн дотор жүдо бөхийн гурван Их дуулгад түрүүлсэн анхны бөх болж, дэлхийн чансааг тэргүүлэхэд цөөхөн оноо дутсан нь спортын сэтгүүлчдээс өндөр санал авах үндэс болжээ.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – Саиед Моллай

“Токио-2020” олимпын наадмын мөнгөн медалийн эзэн, Ази тивийн аваргын хүрэл медальт Саид Моллай оны шилдэг эрэгтэй тамирчны санал асуулгад аман хүзүүдлээ. Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгад тэрбээр 89 оноо авсан юм.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – М.ЛХАГВАГЭРЭЛ

“Токио-2020” олимпын наадамд шагналт V байр эзэлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгад 40 оноо авч, шилдэг эрэгтэй тамирчны гуравт бичигдлээ.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – Б.БОЛОРТУЯА

“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа оны шилдэг эмэгтэй тамирчдын санал асуулгад 80 оноо авч, хоёрдугаар байрт жагсав.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – М.АНХЦЭЦЭГ

“Токио-2020” олимпын наадамд медалийн төлөө өрсөлдөж, шагналт IV байрт шалгаран хүндийг өргөлтийн түүхийг шинэчлэн бичсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдэг эмэгтэй тамирчны гуравт бичигдлээ. Тэрбээр санал асуулгад 72 оноо авсан байна.

ПАРАЛИМПЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН – Э.СОДНОМПИЛЖЭЭ

“Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ паралимпын шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн болов.

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН – Д.ОТГОНЖАРГАЛ

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал 20 настайдаа “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэг залуу тамирчнаар шалгарлаа.

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – Д.БАТТУЛГА /пауэрлифтинг/

Паралимпын наадмын аварга Э.Содномпилжээгийн багш Д.Баттулга оны шилдэг дасгалжуулагчийн “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо.

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – Х.БОЛДБААТАР /жүдо бөх/

Баг тамирчдаа амжилттай удирдан “Токио-2020” олимпын наадмаас гурван медаль, “Будапешт-2021” ДАШТ-ээс хоёр медаль авчирсан гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар оны шилдэг дасгалжуулагчаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – Б.БАТТУЛГА /чөлөөт бөх/

Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдсан чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ жил олимпын наадмаас нэг хүрэл, ДАШТ-ээс зургаан хүрэл, Азийн АШТ-ээс хоёр алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.

ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ХОЛБОО – МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО

Монголын хөл бөмбөгийн холбоо 2021 онд тамирчдад зориулсан бэлтгэлийн төв ашиглалтад оруулж, олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, шүүгч, дасгалжуулагчдын сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан үзүүлэлтээр шилдэг менежменттэй холбоогоор шалгарлаа.

ШИЛДЭГ ХОЛБОО – МОНГОЛЫН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ХОЛБОО

Байгууллагын хөгжил, спортын амжилтаараа Монголын жюү-жицүгийн холбоо олимпын бус төрлийн шилдэг холбоогоор шалгарав.

ШИЛДЭГ ШҮҮГЧ – Т.ЭНХЦЭЦЭГ /жүдо бөх/

“Будапешт-2021” ДАШТ, “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнсэлсэн Т.Энхцэцэг оны шилдэг шүүгчээр шалгарлаа. Т.Энхцэцэг шүүгч “Токио-2020” олимпын наадамд хүрэл медалийн төлөөх зургаа, аваргын төлөөх хоёр барилдааныг шүүсэн юм.

ОЛИМПЫН ТӨРЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО – МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО

Монголын жүдогийн холбоо спортын амжилтаараа бүх холбоодыг тэргүүлж, оны шилдэг холбоогоор шалгарлаа. Монголын жүдочид энэ жил олимпын наадмаас гурав, ДАШТ-ээс хоёр, Их дуулга, гранпри тэмцээнээс зургаан алт, таван мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн юм.

ОЛИМПЫН ТӨРЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО – МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

2021 онд Монголын чөлөөт бөхийн холбоо спортын амжилтаас гадна спортын хөгжил, маркетингийн үзүүлэлтээр Олимпын төрлийн шилдэг холбоогоор тодорлоо.

СПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – “СТЕППЕ АРЕНА”

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн, 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой “Степпе Арена” мөсөн өргөө “Бөртэ чоно” наадмын спортын шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо.

ШИЛДЭГ БАГ – 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ

Олимпын наадамд багийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа эрхээ авсан өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ оны шилдэг багаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.

ОНЫ ШИЛДЭГ СПОРТЫН СЭТГҮҮЛЧ – МҮОНТ-ИЙН “МОНГОЛЫН СПОРТЫН НЭГЭН ЗУУН” ТӨСЛИЙН БАГ

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын спортын нэгэн зуун” төслийн хүрээнд 100 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй МҮОНТ-ийн баг “Бөртэ чоно” наадмын “Оны шилдэг спортын сэтгүүлч” шагналын эзэн боллоо.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …