УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих Түр хорооны хамтарсан хуралдаан боллоо.
Хуралдаанаар цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон УОК, Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөллийн талаар байнгын хорооны гишүүд мэдээлэл сонслоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон хувилбарыг ПГУ-д суурилсан NGS буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох аппаратаар илрүүлэх боломжтой. ХӨСҮТ дээр шинжилгээний аппаратыг суурилуулаад, хувилбаруудыг тодорхойлдог болсон. Мөн Дэлхийн зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж байгаа. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт Омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хувиар нөлөөлж байгааг дурдлаа. Зөвхөн Омикронд зориулсан вакцины судалгааг олон улсад хийж байгаа юм. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа одоогоор 2.5 хоног байна. Энэ бол маш богино хугацаа” гэлээ.
Мөн коронавируст халдварын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо.
Мэдээлэлдээ “Файзер” компаниас олон нийтэд өгч байгаа мэдээлэлд гурван тунтай иргэдийн Омикроноос хамгаалах чадвар хоёр тунтай иргэдийнхээс илүү өндөр байна гэдэг судалгааг гаргасан байна. Өмнөд Африкт энэ өвчнийг эмчилж байгаа эмч нарын өгч байгаа мэдээллээр энэ хувилбараар халдварласан өвчтөнүүдийн биеийн байдалд хөнгөн байгаа. Одоогоор нас барсан хүн бүртгэгдээгүй. Харин Их Британид Омикрон хувилбараар баталгаажсан нэг хүн нас барсан.
АНУ-ын хувьд Омикронтой тэмцэх тактик нь бүүстэр тунг эрчимжүүлэх. Мөн амны хаалт, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж тэмцэх тактикийг баримталж байгаа гэлээ.
Манай улсын хувьд гурав дахь тунд хамрагдсан нь иргэдийн дархлааг нэмэгдүүлж халдварын тоог 90 орчим хувиар бууруулаад байна. Тиймээс гурав дахь тун бол зөвхөн Дельта хувилбарын халдварыг бууруулахаас гадна Омикрон хувилбарын халдвараас сэргийлэх гол арга зам гэж үзэж байна. Тиймээс гурав дахь тунг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд УОК-ын дарга болон Эрүүл мэндийн сайдаас тодорхой асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг төслийг яаралтай шинэчлэх, Омикрон хувилбар тархсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал ямар хэмжээнд байгаа тухай, хийгдэж буй ажлын судалгаа, мэдээллийг нэгтгэн олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх шаардлага байгааг онцоллоо. Түр хороо гишүүдээс гаргасан санал, санаачилгыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, тусган ажиллахаа илэрхийлснээр хуралдаан дууслаа.