Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсад арав гаруй жил батлагдаж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын өнөөдрийн /2021.12.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

“Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улсууд бие даасан хуулиа батлан гаргасан аж. Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон. Гэсэн хэдий ч  кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг байна.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Цаашлаад цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:

  • Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • Кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлох,
  • Кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагыг “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэж тодорхойлон, тэдгээр байгууллагын аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг тодорхойлох,
  • Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил, иргэд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ, мэдээлэл солилцож байх асуудлыг зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн ажээ.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …