Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын наадмын таван удаагийн оролцогч, буудлагын спортод олон зуун шавь бэлтгэн гаргасан Т.Мягмаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.
Т.Мягмаржав 1964, 1968, 1972, 1976, 1980 оны олимпод тамирчнаар оролцсон бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжсэнээс хойш гавьяат тамирчин, дасгалжуулагч, спортын зэрэг цолтой мянга гаруй тамирчин бэлтгэн гаргажээ.
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Өнөөдөр их баярт үйл явдал тохиож байна. Буудлагын спортын үнэт зүйлсийг хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд маш их хүчин зүтгэл гаргасан Т.Мягмаржав танд МҮОХ-ны дээд шагналаа гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Таны спорт, олимпизмын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй юм” гэв.
Харин Т.Мягмаржав шагналаа гардан авсны дараа “Би 1962 оноос буудаж эхэлсэн гэхээр буудлагын спорттой холбогдоод бараг 60 жил болжээ. Энэ спортод хүүхэд залуусыг татан оруулж, залуу үеэ бэлдэхийн тулд нэлээн олон аймагт буудлагын тир байгуулж байлаа. Залуучуудын УАШТ-ийг 1975 онд анх зохион байгуулсан. Тэр үеэс хойш өнөөг хүртэл уламжлал болон зохиогдож байна. Харин одоо буудлагаар хичээллэх хүний тоо маш их болж, спорт маань хөгжиж байгааг хараад баярлаж явдаг юм. МҮОХ-ноос ийм сайхан нэр хүндтэй шагналаа гардуулж өгсөнд баяртай байна. Миний хувьд цаашдаа ч залуучуудтай мөр зэрэгцэн буудлагын спортоо хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно” гэв.