Монгол уран бүтээлч олон улсын нэр хүндтэй мэргэжлийн байгууллагад гоцлол бүжигчнээр уригдан ажиллаж, өндөр зэрэглэлийн чадварлаг уран бүтээлчдийг удирдан уран бүтээл туурвина гэдэг бахархмаар…
Балетчин Ц. Цолмонбуд 2018 онд Элит балет компанийг үүсгэн байгуулж Солонгос улсад Монгол бүжигчний уран чадварыг харуулсан олон томоохон тоглолтыг зохион байгуулж байсан бол энэ удаад шинэ жилийн баярыг угтан дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгийг шинэ найруулгатайгаар дэглэн тоглох гэж байна.
Энэхүү тоглолт нь Монгол хүн анх удаа Солонгос улсад бүрэн хэмжээний балетын жүжгийг дэглэн найруулж байгаагаараа онцлогтой бөгөөд анх удаа орчин үеийн медиа технологи ашиглан гурван хэмжээст тайзны зураглалыг бүжгийн шинэ дэглэлт найруулгатай хослуулан, илүү шинэлэг сонирхолтой байдлаар хүргэх юм. Уг тоглолтод Монгол, Солонгос, Америк, Швед , Бразил , Орос зэрэг улсын зэрэглэл өндөр балетын 60 гаруй уран бүтээлчид оролцох юм.
Балетчин Ц. Цолмонбудын хувьд 2003 онд ХБК-г төгссөн бөгөөд УДБЭТ-т ажиллаж эхэлсэн жилдээ Япон улсад болсон Олон Улсын тэмцээнд оролцон, 2006 оноос эхлэн Япон улсад гоцлол бүжигчнээр уригдан ажиллажээ.
2006 онд Солонгосын нэр хүндтэй театр болох “Lee won Kuk” театраас урилга ирж тэр цагаас хойш Солонгос улсын томоохон театруудад гоцлол бүжигчин, найруулагчаар ажиллаж эхэлсэн юм. Мөн Солонгос улсын урлагийн томоохон сургуулиудад сонгодог бүжгийн багшаар ажиллаж байна. Тэрээр 2017 онд өөрийн “Элит балет” компанийг үүсгэн байгуулж бүжигчний ур чадварыг харуулсан өөрийн бие даасан томоохон тоглолтуудаа хийж эхэлсэн юм.