АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.
-АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна. Байгууллагын үйл ажиллагааг зориуд харлуулах гэсэн бас нэгэн оролдлого юм уу гэж харж байгаа.Бодит байдлын талаар үнэн зөв тодруулгыг өгье.
Авлигатай тэмцэх газрын нэр бүхий мөрдөгч нар 2021 оны 11 дүгээр сард Турк улсад олон улсын санхүүгийн сургалтад оролцсон. Сургалтад оролцоод буцаж явахдаа онгоцонд мөрдөгч “С” нь байрныхаа танил ах “П” гэгчтэй тааралдсан байна. Ингээд онгоцноос буухдаа түүний гуйлтаар гар тээшийг нь авч, гаалийн хяналтын бүсэд орсон. Гаалийн шалгалтаар уг гар тээшнээс 20 орчим кг мөнгөн болон монетон ээмэг, бөгж, зүүлт зэрэг дан гоёл чимэглэлийн зүйлс гарч ирсэн. Гар тээшний эзэн “П” нь гаалийн татвараас зайлсхийх зорилгоор гар тээшээ мөрдөгч “С”-д шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ бол мөрдөгчийн хувьд цэвэр хувь хүний хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдэл. Ингээд гаалийн байцаагч тухайн тээшний эзнээр гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийлгэж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна.
-Мөрдөгч нар гэж бичээд байгаа шүү дээ. Хэд хэдэн хүн хамжиж оролцсон юм биш үү?
-Үгүй. Манай мөрдөгч нар сургалтад оролцон, албан ажлаар зорчиж байсан. Бусад мөрдөгчийн хувьд уг асуудалд ямар ч хамаагүй, хууль бус үйлдэл хийгээгүй. Татвараас зайлсхийсэн үйлдэлдээ иргэн “П” нь 33,7 сая төгрөгийн нөхөн татвар төлсөн байна. Энэ нь цэвэршүүлээгүй алт биш, харин гоёл чимэглэлийн бизнес эрхэлдэг тухайн иргэний Турк улсаас авч явсан монетон болон мөнгөн эдлэлүүд байсан.
-Мөрдөгч С-д хариуцлага тооцох уу?
-Хариуцлага тооцсон. Авлигатай тэмцэх газрын дотоод хяналтын нэгжээс албаны шалгалтыг явуулан өөрийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж, байгууллага албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, албаны нэр хүндэд харшилсан хууль бус үйлдэл гаргасан гэж үзэн мөрдөгч “С”-ийг ажлаас нь халж, төрийн албанаас чөлөөлсөн. Цаашид албан ажлаар болон хувийн шугамаар гадаад, дотоодод зорчихдоо бусдын эд зүйл, дайвар авахгүй байх, танил хүмүүсийн гуйлт хүсэлтээс татгалзах, сахилга ёс зүйн дүрэм зааврыг чанд мөрдөж байх анхааруулга үүргийг нийт албан хаагч нарт өгөөд байна.