Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг Монголын Үндэсний Олимпын хорооны “Алтан очир” одонгоор шагналаа.
Шагналыг Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулав.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг Монголын Үндэсний Олимпын хорооноос үнэлж энэхүү шагналаа гардуулж байгаа юм шүү.
Монголын Үндэсний Олимпын хороо ямар ч үед допингийн эсрэг тууштай тэмцэнэ. Харин одоо бид тус тусдаа тэмцээд байх биш, холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. Энэ үйлсэд аваргууд та бүхний үүрэг оролцоо их байх болно” гэв.
Харин Ч.Санжаадамба аварга “Үнэнийг хэлэхэд допингийн эсрэг ганц хоёрхон бөх тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Харин Монголын Үндэсний Олимпын хороо, Монголын Үндэсний бөхийн холбоо бөхчүүдтэйгээ хамтраад тэмцвэл илүү үр дүнтэй. Допингийн хор хөнөөлийг таниулж, соён гэгээрүүлэх ажил дутагдалтай санагддаг.
Допинг хэрэглээд цол авч болдог юм байна гэсэн ойлголт залуусын дунд бий болчихсон. Энэ бол хамгийн буруу хандлага юм. Хэрэв том цолтой бөхчүүд нь допинг хэрэглэлгүй амжилт гаргаж болдгийг харуулбал дүү нар хэрэглэхгүй шүү дээ”хэмээн хэллээ.
Түүнчлэн С.Мөнхбат аварга “Спортын салбарын хамгийн том байгууллага маань допингийн асуудалд анхаарлаа хандуулж байгаад баяртай байна. Үнэнийг хэлэхэд үндэсний бөхийн үзэгчийн тоо багасаж, үнэлэмж буурсаар байна. Хөдөөгүүр үндэсний бөхөөр барилддаг хүний тоо багасаж байна. Сүүлийн үед шинэ мэх, арга техник суръя гэж хичээдэг бөх цөөрлөө. Харин яаж хүчтэй болох вэ, ямар эм тариа хэрэглэх вэ гэж л хайдаг болсон. Допингийг зарж борлуулдаг цөөн хэдэн хүн л байгаа шүү дээ. Энэ нөхдүүд хориотой эм бэлдмэлийг улсын хилээр яаж оруулж ирээд байна гээд яривал зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй маш том асуудал болно. Тиймээс холбогдох байгууллагууд бүгд хамтраад допингийн эсрэг тэмцэх санаачилга гаргаж байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.