Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом”-ын эзнээр тодорлоо

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Болорцэрэн тодорлоо.

Хоёрдугаар байранд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарлаа.

Наадам энэ удаад Улаанбаатар хотод болсон бөгөөд эхний шатанд хот, орон нутгаас нийт 144 шүлэг ирснээс хоёрдугаар шатанд 25 яруу найрагч “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншиж өрсөлдсөн юм.

Ташрамд дурьдахад “Болор цом-28” наадам Дархан-Уул аймагт болоход Ц.Хулан хошой эзэн болж байсан бол түүнээс хойш эмэгтэй найрагч түрүүлээгүй байсан юм.

39 дэх удаагийн “Болор цом” наадмын Тэргүүн байрт шалгарсан шүлэг

ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ…

Шүлэг бичихгүй удвал хар дарна

Шүд уналаа гэж

Шүлэг бодохгүй өнжвөл хар санана

Зүүд хэллээ гэж

Шүлэг уншихгүй удвал зүс алдана

Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна

Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт

Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт

Ээжээс ч их бодогдоод ирэх

Ханиас ч илүү санагдаад үлдэх

Энэ шүлгийг хэн илгээнэ вэ

Ээж минь л байх…ээж л байх

Ургахаа умартдаггүй наран шиг

Урсахаа мартдаггүй мөрөн шиг

Шүлэг бодоогүй өдрийг санахгүй

Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй

Ээж болсон өдөр минь шүлэг

Ээжгүй болсон өдөр минь шүлэг

Ааваа баярлуулах ганц зам

Амьд яваа минь шүлэг мэт

Шүлэг бичихгүй л бол

Эхийн ачийг санахгүй би

Шүлэг бичихгүй л бол

Элдэв өвчнөөс салахгүй би

Номын сангаа эмийн сангаар солино

Номын мөрөө ховын үгээр хөөнө

Ой санамж,үнэр амтаа алдана

Охин үр, үндэс угсаагаа ч мартана

Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч

Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй

Эр буруулавч нэр хөөдөвч

Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй

Ийм болоод л

Өглөөг нүүр бардам угтана

Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй

Өнгөрснөөс харамсал үл олно

Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай

Наран жаргаад хаачдгийг мэдэх үү

Надад шүлэг авчрахаар явдаг юм

Найрагч охинтой гэж гүн итгэсэн

Ээжээс бэлэг аваад ирдэг юм.

Б.БОЛОРЦЭРЭН

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …