Ливэрпүүлийн довтолгооны шугамын лидэр Луис Суарэз Бразилд удахгүй болох гэж буй шигшээ багуудын хооронд болдог Тив хоорондын цом-д оролцохоор нутагтаа очоод байгаа бөгөөд түүний орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага олныг шуугиулж байна.
Английн хэвлэл мэдээллүүд түүнийг зүгээр байлгахгүй хэдэн талаас нь мэрж байгаа тухай болон ирэх улирлаас өмнө багаа солиход гайхах хэрэггүй гэх шахуу яриануудыг түүнийг биш хэмээн зарим нь нотлохыг оролдож байгаа ч нэг их амжилтанд хүрэхгүй л байна. Тэрээр бүр Их Британий ерөнхий сайдад хүртэл амаа хамхиж урдах ажлаа л хий хэмээн зөвлөөд авсан сурагтай… Ямар ч байсан энэ зун Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн хувьд тун халуухан болох шинжтэй. Суарэзийн хувьд багтаа үлдлээ ч Ивановичийг хазсан шийтгэл нь дуусахад 6 тоглолт дутуу байгаа гэхээр ямар ч байсан шинэ улирлын эхний 1 сар гаран тоглох боломжгүй байх нь ойлгомжтой.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд дебютээ хийсэн 23 настай Даниэл Старриж гэмтэл авч талбайг дамнуурган дээр дамнуулан орхисон байгаа. Тэрээр Уэмблид болсон Англи Ирландын шигшээ багуудын нөхөрсөг тоглолтонд гараанд гарч тоглон гоолын дамжуулалт өгсөн ч тун удалгүй шагайндаа бэртэл авчээ.
Даниэл Мэлвүдэд буцаж ирээд эмнэлгийн нарийн үзлэг шинжилгээнд орсон бөгөөд эхний байдлаар тун ч таагүй хариу гараад байгаа гэнэ. Одоогоор эцсийн онош тодроогүй байгаа ч дор хаяж 3-4 сар талбайд гарах боломжгүй болох нь тодорхой болоод байна. Өнөөдөр Даниэл Старрижийн бэртлийн талаархи эцсийн онош тодрох ч Улаанууд Даниэлийг шинэ улирлын эхэнд харахгүй болох нь тодорхой боллоо.
Хэрвээ багийн гол довтлогч Луис Суарэз багаа солиход хүрвэл, багаа солихгүй байлаа ч улирлын эхний тоглолтуудад тоглох боломжгүй байгаа дээр нэмэгдээд Даниэл Старриж талбайд гарах боломжгүй болчихвол Брэндан Рожэрсд тун амаргүй болох нь ээ…
Тэгэхээр энэ зуны наймааны цонхоор довтлогчийн асуудлыг тун нухацтай авч үзэж, яаралтай зөв шийдвэр гаргахгүй бол дан залуусд итгэл хүлээлгэх учир дутагдалтай гэдэгтэй бараг бүгд санал нийлж байна.
эх сурвалж: ливерпүүлфс.мн О.Амарсайхан